Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нар болон парламентад суудалтай улс төрийн намын дарга нарыг дагуулж, өргөн хэмжээний төрийн айлчлал Шанхайд хийхээр мордох зуур Төрийн ордонд нэр бүхий гишүүд мэдэгдэл хийж, Засгийн газар төсвөө буцаан татаж, урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах шаардлага тавилаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголын парламент улс төрийн таван намаас бүрдсэн 126 гишүүнтэй болсноос ердөө дөрөвхөн гишүүн /Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Б.Түвшин/ төсөвт шургуулсан “хулгай луйврыг” эсэргүүцэж, саарал ордны “бослого”-ыг зохион байгуулав. Тэдний шаардлагыг дэмжиж буй гишүүдийн тоо нэмэгдэж буйгаас харвал том улс төрийн тоглолт нэгэнт эхэлснийг дохиолж байна.
Төрийн ордноос “дүрвэж”, тансаг зэрэглэлийн таван одтой “Тэрэлж” зочид буудалд, 50 саяын өртөгтэй “будаатай хуурга” идэлцсэн гишүүдийн гол зорилго үнэндээ тоо бодохдоо биш байсан нь ойлгомжтой. Тэр тусмаа өөрийн хамаарал бүхий зочид буудалдаа Засгийн газрын сайд нь татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой хууль тогтоогчид хулгай, луйврын хуйвалдаанд оролцсон нь ёс зүйн хувьд байж боломжгүй үйлдэл. Хууль дүрэмтэй, нийгэм нь ёс зүйтэй улсад зөвхөн энэ ашиг сонирхлын зөрчил нь Соёлын сайдтай хариуцлага тооцох ёстой баримт болно. Атал ял асуух нь бүү хэл ямба нэмж, өсвөр насныханд үнэгүй ваучер тараах 18.3 тэрбум төгрөгийг түүний төсөвт суулгаж өгнө гэдэг Ардын намынхан иргэдээ арай дэндүү басамжилж буйн бас нэг нотолгоо.
Үүний ард манай гурван үсэгтэй үндэсний том хөрөнгө оруулагчийн эрх ашиг бий гэдэг нь оргүй хоосон хардлага биш. Овоо босгосон болоод шаазгай шагширдаг шүү дээ.
Наймдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наядаар тооцож, алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан нь сэрүүн намрын халуун сэдэв болж байна.
Жил, жилийн намар, УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх үеэр нийгмийг хамарсан дуулиан дэгддэг нь нэгэнт гэм биш болсон. Хоёр жилийн өмнө төсвийн хөрөнгөөр Ц.Анандбазар тойрогтоо айрагны өргөө барихаар “захиалга” өгсөн, түүнийг нь Сангийн яам сэм шургуулсан байсан нь баригдсан. Төсвийн мөнгө бол төрийн мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө. Тэр утгаараа бүрдүүлсэн төсвийг улстөрчид хааш нь юунд зарцуулж байгаад татвар төлөгчид хяналт тавих учиртай, хариуцлагатай хандах ёстой.
Төр-хувийн хэвшлийн түншлэл нэрээр төсөвт хулгай, луйвраа шургуулсаар ирсэн төрөөс тэжээгддэг үндэсний баячуудын хувьд энэ "хяналт" хамаагүй байж болно.
Ж.Баярмаа гишүүний хэлсэнчлэн “Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин өссөн, бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбумаас 690 тэрбум болж нэмэгдсэн” нь үнэн бол төр-хувийн хэвшлийн түншлэлийн хулгай төсөв дээр нэмэгдэж орж ирсэн байна гэсэн үг. Улсын төсөвт 268 тэрбумаар тавилга авах зардал суулгасан байна гэдэг хэн нэгэн улстөрчийн ах дүү хамаатан садан Эрээнээс зөөсөн тавилгаа Монголын төрд хэд нугалж шахахаар төлөвлөж суугаа гэсэн үг.
Тэгээд ч нэг гараараа төртэй нийлж хулгай хийдэг, нөгөө гараараа жижиг дунд үйлдвэрүүдийн хоолыг булаадаг нь манай үндэсний компаниудын төрөлх араншин. Бусад улсын үндэсний хөрөнгөтнүүд нийгэм, эдийн засагтаа мөс зүсдэг бол манайхан эсрэгээрээ бүх салбарт, бүх бизнесийг булаана, дээрэмдэнэ гэсэн сэтгэхүйтэй. Ууц, боов ч үлдээхгүй “хусна”, увайгүй.
Ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмсний, хамтарсан засаг байгуулсны үр дүн басчиг байна.
Хэзээ байтлаа өнгөрсөн найман жил МАН-ын гишүүд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг буцаан татахыг шаардах хүртлээ улстөржиж байлаа. Аль болох тойргийн хөрөнгө оруулалтаа ахиухан тавиулах гэж Сангийн яамны үүдийг сар гаруй сахидаг байсан, боосон төслөө задлуулахгүйн тулд гишүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр авлигаддаг байсан. Угтаа авлигатай тэмцье гэж хамтарсан Засгийн газар жинхнээсээ хүсч байгаа бол авлигажсан төсвөөсөө эхлэх ёстой юм.
Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн "тойргийн мөнгө" бол авлига, хулгайн "хур систем" нь. 2004 онд арван саяас эхлэж байсан "тойргийн хөрөнгө оруулалт" өнөөдөр УИХ-ын гишүүд Засгийн газраасаа таван тэрбумыг нэхэх хүртлээ томорсон байна.
Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжих зоригт зориулж улсын төсвийн зардлыг нэмсэн нь эрх мэдлийн гадна үлдсэн "дан дээлтэй" гишүүдийг ирэх оны төсөв дээр нягт, чамбай ажиллах шалтгаан болсон ч байж мэднэ. Ямартай ч энэ жил, төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын гишүүд идэвхтэй оролцож, тоон дотор нуугдсан төрийн хулгай, луйврыг ил болгож байна. Энэ нь нэг талаасаа Л.Оюун-Эрдэнийн зориглож хийсэн улс төрийн реформ эдийн засагт эерэгээр нөлөөлж байна гэж хэлж болно. Мөн 500 төслийг 38 төсөл болгон боож оруулж ирсэн нь татвар төлөгчдийн мөнгийг жалгын нэг цацагддаг байсныг цаашдаа цэгцлэж өгөх болов уу.
Мэдээж, Засгийн газар төсвийн төслөө буцааж татах хугацаа ч байхгүй. Хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 15 гэхэд 2025 оны улсын төсвийг батлаж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. МАН, АН, Т.Доржханд, Н.Номтойбаяр болоод ордны босогчид ч парламентаараа тарахыг хүсэхгүй нь тодорхой.
Тэгэхээр яаж ч улстөржсөн УИХ хуулийн хугацаандаа улсын төсвөө батална. Үүнийг босогчид сайн мэдэж байгаа. Гэхдээ тэдний энэхүү үг-үйлдлийн цаана хэн нэгний том улс төр, том зорилго байна. Тэгээд ч улс төрд өрнөж буй үйл явдал болгон ардаа ашиг сонирхолтой, эзэнтэй байдгийг олж харахад тийм ч урт хугацаа шаардагдахгүй.
Л.Оюун-Эрдэнийн ар хойгуур ордон дотор бослого гарч буй нь яавч санамсаргүй тохиолдол биш юм. Тэр тусмаа МҮХА төсвийн төслийг буцаахыг шаардах болсон нь тодорхой учир шалтгаантай. Тэрнээс сүүлийн найман жил төрийн дарамт, хулгай дээрмээс болж, дүрвэж, дампуурч буй аж ахуйн нэгжүүдээ нэг ч өмөөрч үзээгүй Монголын бизнесийн хамгийн том нэгдэл юу гэж л гэнэт сэрсэн мэт аашлах билээ. Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр нэг ч үг хэлээгүй атлаа МҮХАҮТ энэ мэт улс төр хийж буй нь сценарийн дагуу өрнөж буй үйл явдал.
3,608.65




















































Холбоотой мэдээ