Олон жилийн турш Монголын экспорт Баяннуур аймгийн даргын үзэмжээс, импорт нь Эрээн хотын түшмэлийн үзэгний үзүүрээс хамаарч ирсэн. Боомтын боомыг тайлавч Гашуунсухайт болон Замын-Үүд нь Монголын экспорт, импортын гол “суваг” байх ч биз.
Монгол дэлхийн 159 оронтой худалдаа, наймаа хийдэгч экспортын 90, импортын 36.8 хувийг Хятад эзэлдэг. Эдийн засгийн агшилт, тэлэлт нь Бээжингээс өндөр хамааралтайн хувьд Ши Жиньпинийн “Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг байгуулах амбиц”-ад асуудал үүссэн нь Монголд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
1.
Үл хөдлөх хөрөнгийн үнэгүйдэл, өрийн хэмжээ, цар тахлын үеийн үргэлжилсэн хугацааны хориг Хятадын эдийн засгийн хөгжлийн эрсдэл нь болжээ. Ялангуяа Ши Жиньпинийн Сэм авгыг гүйцэж түрүүлэх, дэлхийн нэг номерын эдийн засгийн “эзэн” болох том амбиц нь жирийн иргэдийн ажил, ашиг орлогод сөргөөр нөлөөлж, бүх Хятадын даргын бодлогод бүх хятад таалагдахаа больсон байна.
Тус улсын үл хөдлөх хөрөнгийн уналтаас болж, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлээс “дүрвэх-эд хүрчээ. Шанхай, Хонконгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны алдагдал үлэмж өссөн байна.
Хятадын хэвлэлүүд улсынхаа эдийн засаг сайжирч, тэлж буй талаар өдөр болгон мэдээлж буй ч Засгийн газрын зүгээс авч байгаа арга хэмжээ Бээжингийн ханиадыг эмчлэхэд чиглэгдэж буй нь ойлгомжтой байна.
Хятадын ДНБ-ийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 4.7 хувь болж доошилсон байна. Эхний улиралд Бээжингийн эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан юм. Өрхийн хөрөнгийн 60 гаруй хувийг өмч эзэлдэг, тиймээс Хятадын эдийн засгийн эмзэг цэг нь үл хөдлөх хөрөнгийн уналт болж байна.
Хилийн гадна талдаа Хятад маш их хөрөнгө оруулалт цацаж байгаа ч хил дотроо Ши Жиньпинийн толгойг өвтгөсөн асуудал нь эзэнгүй олон үл хөдлөх хөрөнгө болсон. Орон нутгийн хотуудад 65 сая байр “эзэнгүй” үхмэл хөрөнгө болсон байна. Тиймээс Хятадын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж, Засгийн газраас нь хөрөнгийн зах зээлийг дэмжих сан байгуулсан нь эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрт шилжсэний нэг нотолгоо юм.
Дэлхийн хоёр номерын эдийн засгаас тэргүүлэгч эдийн засаг болох, мөн дэлхийн дэг журам тогтоох Ши Жиньпинийн амбиц дефляцийн дарамт, хүн ам зүйн хямрал, гадаад худалдааны хурцадмал байдалд улс орноо аваачжээ. Бүх Хятадын удирдагч Ши Жиньпин саяхан болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байхыг бүх хятадуудад сануулсныг айсуй хямралын анхааруулга байх магадлал өндөр. Хятадын иргэд ирээдүйдээ гутарнги үзлээр хандах болсон сүүлийн үеийн судалгаагаар тогтоогджээ. Энэ нь тус улсын эрх баригчын санааг ихээхэн зовоох болсноос гадна эдийн засгийн хямралаас үүдэлтэй эсэргүүцэл, зөрчлийн тоо нэмэгдэж байгаа аж. Үүнд биет болон цахим эсэргүүцэл бүгд багтаж буй юм.
2.
Хятадын эдийн засгийн хямралыг эдгэшгүй гэхгүй ч ноцтой өвчинд тооцож болохыг баруун шинжээчид онцлох болсон. 2011-2021 оны хугацаанд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 23-27 орчим хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Хятадын хадгаламжийн тал орчим хувь байжээ. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт нь хөрөнгө оруулалтыг багасгаж, илүүдэл хуримтлалыг ихэсгэж байна. Үүнийг дагалдаад эрэлт суларсаар байна. Мөнгөө үрэх, зарцуулах хүмүүс Хятадад хэрэгтэй байгаа нь эрх баригчдын асуудал болж байна. Бизнест хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь сайн боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жинхэнэ зорилго бол хүмүүс түүнийг хэрэглэж, таашаах явдал. Эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд Ши Жиньпин энэ үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг “Financial times” сэтгүүлд бичжээ. Харин энэ үзэгдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ. Бидний аливаа хямралд "амьд үлдэх" стратеги юу вэ гэдэг нь Монголын хувьд асуултын тэмдэг болжээ.
Нүүрснийхээ экспортоор хувь, хувьсгалгүй амин зуулгаа залгуулдаг Монголын хувьд Хятад ханиад туссан нь тун муу мэдээ. Амазоны эрвээхэй далавчаа дэвэхэд Японд цунами үүсдэг “онол”-оор Хятад найтаах төдийд Хуандийн бодлогоос экспорт, импорт нь хамааралтай Монголын эдийн засагт хүнд цохилт болно.
Дэлхийн зах зээл зохицуулалт биш Хятадын удирдагчийн араншингаас Монголын эдийн засаг хамаарах болоод удаж байна. Таньжинд Монголын ачаа тээвэр саатсан нь Хятад даргын таалалд нийцээгүй асуудал үүсчээ гэж ойлгоход бодит үнэнээс хол зөрөхгүй.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын "Хятадын талд үнэ нь таалагдвал 120-140 сая тонн нүүрс ямар ч асуудалгүй авна" гэдэг гашуун үнэн. Хятадыг давуулаад нүүрсээ зарж чадахгүйгээс хойш Бээжингийн ая талыг засах нь жижиг улсын зовлон ч болдог, заль ч шаарддаг.
Хятадад нүүрлэсэн үл хөдлөх хөрөнгийн хямрал гангийн үйлдвэрлэлээ уналтад оруулах эрсдэлтэй. Гангийн үйлдвэрлэл нь уналтад орвол Монголын нүүрсний экспорт дагаад унана гэсэн үг. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь коксжих нүүрс.
Монголын нүүрсний экспортын дийлэнхийг коксжих нүүрс эзэлдэг. Энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан агаад эхний 9 сарын байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ирэх онд 83.3 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Авчиг нэг муу мэдээ байгаа нь 2023 онд нэг тонн нүүрсний үнэ дунджаар 131 ам.доллар байсан бол энэ онд 112 ам.доллар болж буурсан. Манай экпортын орлогын 90, төсвийн нийт орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг, уул уурхайн экспортын 90 орчим хувийг нүүрс эзэлдэг.
Нүүрсний экспортын үнэ буурч, Хятадад үл хөдлөхийн хямрал нүүрлэж байна гэдэг муу мэдээ. Иймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нараас асууя: Эрсдэлийн төлөвлөгөө ингэхэд байна уу?!
Л.Оюун-Эрдэнийн хоёр жилийн өмнө зарласан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрсдэлийн төлөвлөгөө гэж эндүүрэвзэй.
3,608.65





















































Холбоотой мэдээ