Засгийн газраас 2025 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ том төслүүддээ илүү ач холбогдол өгсөн ч УИХ-аар 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд нам, намын шантаажчингууд нэгдэн тойрогтоо мөнгө тавиулах гээд бүтэлгүйтжээ.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн тайлбарлаж буйгаар нам, нам дамнасан шантаажчин гишүүд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээр дамжуулж, тойрогтоо мөнгө тавиулах санаачлага гаргасан нь газар авсангүй. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүн Засгийн газрын өргөн барьсан гол төслүүдээс танаж, тойрог руугаа мөнгө хуваарилах заль гаргасныг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тас цохин, унагажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн өгч буй тайлбараар тойргоос сонгогдсон гишүүдэд тойргоос нь шийдэхээс арга байхгүй асуудал тавьсан тул УИХ-ын Төсвийн байнгын хороонд санал гаргасан юм байна. Гэхдээ тэрхүү саналын дийлэнх нь нөгөөх л сургууль, цэцэрлэгийн асуудал багтаж буй.
УИХ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсын төсөв ярихаар гишүүд "Сургууль, цэцэрлэгийн дээврээс ус гоождог, хана нь хөгцөрсөн тул урсгал засварт зориулж хөрөнгө тавихаас аргагүй” гэдэг байдлаар зовлон тоочин, мөнгө суулгаж ирсэн. Тэр бүү хэл тавхан сурагчтай сургуульд том сургууль шинээр барьж, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан жишээ баримтууд өнгөрсөн хугацаанд зөндөө л яригдаж, шүүмжлүүлсэн. Гэвч тойргоос сонгогдсон гишүүд мөнгөн дээр нь ажиллах гэдэг үү, аль эсвэл тойргийнхоо сонгогчдод асуудал шийддэг том хүн болж харагдах гэдэг үү, улсын төсөв хэлэлцэх бүрийд л шантааж хийдэг жишигтэй. Түүнд нь Засгийн газар барьцаалагдаж явсаар эргээд хартал Монгол Улс том төслүүдээ хөдөлгөж чадаагүйгээс ажилгүйдэл ядуурлаас эхлээд олон зовлон нүүрлэсэн. Энэ бүхэнд цэг тавих зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг 126 гишүүнтэй болгосон ч тойргоос сонгогдсон хуучин гишүүд нь “Манай аймагт ийм ч асуудлыг шийдэх шаардлага байна” гэж зовлон тоочин, түүнийгээ УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дамжуулан гүйцэлдүүлэх гээд бүтэлгүйтэв бололтой.
УИХ хэдий болтол жалга довны жижиг эрх ашиг дээр амбицлах вэ. Шантааж хийж, ирэх оны төсвөөс “хусах” гээд байгаа гишүүдэд хамтарсан Засгийн газрыг байгуулсан намуудын дарга нар “шанаа” өгөх болсон юм биш үү Шантаажчингуудын жижиг эрх ашгийг л гүйцэлдүүлээд эхлэх юм бол 2025 оны төсөв бантан болно. Урьдын зовлон үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэгийн дээврийн засвар, жорлон зэргийн асуудлыг аймагт нь даатгаж болно шүү дээ. УИХ-ыг улсын том асуудлыг шийдэх гэж байгуулснаас биш жорлонгийн асуудал шийдүүлэх гэж байгуулаагүй. Засгийн газрын сайд нар ч 2025 оны төсвөө хамгаалж, том төслүүдээ хөдөлгөхөд анхаарахгүй бол нам, намын шантаажчингууд завсар зайгаар нь юм шургуулчих вий дээ. Гаршсан улс шүү дээ.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ