niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 15:01 UTC Эх: https://news.mn/r/2760415/ 3f693791082bdd01… ← niitlelch.mn руу буцах

Айлчлал: Тэд хоёул хуулийн засаглалыг бэхжүүлэхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2024.10.27-нд нийтлэгдсэн

Айлчлал: Тэд хоёул хуулийн засаглалыг бэхжүүлэхийг хүсдэг

Айлчлал: Тэд хоёул хуулийн засаглалыг бэхжүүлэхийг хүсдэг

Төв Азийн таван улс дундаа Казахстан нь газар нутаг томтой, байгалийн баялаг ихтэй. Эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ Киргиз, Тажикистан, Узбекистан, Туркменистаныг хэдийнэ орхисон. Тус улсын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн 2023 онд 5,2 хувиар өсч,  291 тэрбум ам долларт хүрсэн нь дэлхийн улс орнууд дундаа 53 дугаарт бичигдэж байна. Өдгөө 71 настай К.Токаевын амбиц нь Казахстаныг эдийн засгийн хувьд Төв Азийн бар болгох, нийгмийн тогтолцооны хувьд ардчилах зорилготой. Нэн ялангуяа Оросын геополитикоос ангид, аль болох хуучны “ах”-аасаа зай барьсан бодлого хэрэгжүүлж буй юм. Тиймээс ч Орос-Украины дайнд Кремлийн эсрэг байгаагаа тэрбээр нэг бус удаа илэрхийлж байв.

Казахстаныг 30 жил удирдсан анхны ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр огцорсны дараа К.Токаевт улсын тамга “уламжлагдан” ирсэн. Түүнийг Казахстаны удирдагч болсноос нэг жилийн дараа тус улс ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулснаар 81.3 хувийн санал нийт ард түмнээс авсан Токаев ялалт байгуулсан юм.

Касым-Жомарт Кемелевич Токаевын гол шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. Казахстан 2022 онд бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуулиа өөрчилсөн агаад ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жилээр нэг удаа сонгоно гэж хуульчилсан. Тэрчлэн ерөнхийлөгчийн хамаатан, ойр дотны хүмүүс улс төрд болон төрд удирдах албан тушаал хашихыг хориглох, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, улс төрийн намуудыг бүртгэх журмыг хялбарчлах, хэвлэл мэдээллийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Энэ нь өвгөн Н.Назарбаевын дарангуйлалд 30 жил явсан хуучин Казахстаныг халж, түүх бүтээх түүний гол амбиц юм.   Товчхондоо, “Хүчтэй Ерөнхийлөгч-нөлөө бүхий парламент -хариуцлагатай Засгийн газар” гэсэн шинэ Казахстаныг байгуулахыг тэр зорьж яваа билээ.

Астана улсынхаа ДНБ-ий хэмжээг 2028 он гэхэд 354.7 тэрбум ам.долларт хүргэх том зорилт тавьсан, иннноваци дээр суурилсан эдийн засгийн шинэчлэлээ үргэжлүүлж байна.

Токаев өнгөрсөн есдүгээр сард шинэчлэлийн дараагийн реформоо танилцуулж, дэлхийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад татварын тогтолцоо нь саад болж байгааг хүлээн зөвшөөрч, даруй өөрчлөхөө ч амалжээ. Аль ч улсын эдийн засгийн тулах цэг нь гадаадын хөрөнгө оруулалт болдог. Казахстан хөрөнгө оруулагчдын хамгийн таатай улс болох амбицтай. Ийм зорилгоор эдийн засгийн 14 тусгай бүс байгуулж, зах зээл дэх төрийн өмчит секторын хэт оролцоог хязгаарлах, шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшилд тэгш боломж олгох,төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулахад ихээхэн анхаарч, багагүй ач холбогдол өгөх болсон. 2026 он гэхэд гадаадаас 25.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах том тоо өмнө тавьсан бий.

Казахстан, Монгол хоёр нь далайд гарцгүй улс. Мөн хоёр улсын улс төр, эдийн засгийн шийдвэрүүд Кремлиэс шууд хамаарч ирсэн гашуун түүхтэй. Язгуур соёл ойролцоо нь Транс Алтайн бүлэгт багтдаг. Гэх мэтчилэн хоёр улсад ижил төстэй зүйл олон. Гэхдээ 30 жилийн өмнө нэг гараанаас хөдөлсөн Монгол Казахстаны эдийн засгийн хөгжлийн түвшин эрс тэс ялгаатай болжээ.

Монгол хүнд ногдох ДНБ энэ жил л 6000 ам.долларт хүрсэн бол Казахстаны нэг хүнд ногдох ДНБ 14778 ам.доллар. Ялгаатай нь, тэд бизнесийн салбарт төрийн оролцоогоо багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байгаа бол Монголд төрийн оролцоо томорч, гадаадын хөрөнгө оруулалт багассаар байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев ирэх Даваа гаригт Улаанбаатарт айлчлан ирнэ. Энэ нь Казахстаны төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм байна. У.Хүрэлсүх, К.Токаев хоёр мөн ойролцоо олон зүйл бий. Хоёулаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг удаа Ерөнхийлөгч хийх эрхтэй. У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа 2027 онд, К.Токаевын бүрэн эрхийн долоон жил 2029 онд буюу 76 настайд нь дуусгавар болох юм.

Түүнчлэн У.Хүрэлсүх К.Токаев ч цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, дэлхий нийт энх тайвнаар зэрэгцэн орших ёстойг НҮБ-ын индэр дээрээс үргэлж мэдэгдсээр ирсэн, нөгөө талдаа дэлхийд энхийг сахиулах ажиллагаанд Монгол, Казахстан улс идэвхтэй оролцдогоороо мөн ижил төстэй. У.Хүрэлсүх хувь, хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэхийг хүсдэг. Тиймээс монголын парламентийн гишүүдийн тоог 126 болгож, тогтолцооны өөрчлөлтийг хийхээр ерөнхийлөгч дэмжлэг үзүүлснийг ерөнхий сайд онцолж байсан бийлээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр улс эдийн засгийн түншлэлээ ахиулж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж