Түгжрэлийг сааруулах зорилгоор ирэх арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэр гарсан нь автомашины худалдаа эрхлэгчдийг түргэн авахуулаад байна.
Дээрх шийдвэр гарсан өдрийн маргаашаас эхэлж ченжүүд улсын дугаар худалдан авахаар олноороо дугаарлаж ачаалал ч үүсгэх болсон аж.
Тухайлбал, “Да хүрээ зах” дахь Нэг цэгийн үйлчилгээний төв энэ сарын 24-нөөс эхлэн автомашины улсын дугаар авахаар оочерлох иргэд, ченжүүдийн хөлд дарагдах болжээ.
Автомашины худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар “Зарагдаагүй олон мянган машин байгаа бөгөөд тэдгээртээ дугаар аваагүй тохиолдолд зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар худалдан авахаас арга алга. Нийслэлээс гаргасан дээрх шийдвэр нь улсын дугаарын үнийг хөөрөгдөж, автомашинаасаа ч үнэтэй болох эрсдэлтэй” гэж мэдэгдэж байна. Мөн нийслэл аливаа шийдвэр гаргахдаа хугацаа тавьж өгдөггүй. Шахуу богино хугацаа тавьдаг нь олон сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг ч тодотгож байгаа юм.
БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Монгол Улс руу автомашин импортоор орж ирдэг бөгөөд тус боомтоос ачигддөг чингэлгүүдийн 70 хувийг зөвхөн автомашин эзэлдэг болохыг албаныхан тодотгоод буй.
Иймээс нийслэлээс гаргасан автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах тухай дээрх шийдвэр ирэх өдрүүдэд нэлээн гал дуудаж мэдэхээр байна.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-наас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү гараад буй.
Иргэдийн хувьд орон нутгийн дугаар авах сонирхол байгаа ч НИТХ-наас түгжрэлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод орж ирж буй орон нутгийн дугаартай автомашинаас хоногийн 5000 төгрөг авах тогтоолыг баталсан. Ингэснээр орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчих тохиолдолд хоногийн 5000 төгрөгийн төлбөр төлөх шаардлага тулгарах болсон. Тиймээс орон нутгийн дугаар авах нь эргээд санхүүгийн дарамттай тулахаар байгаа юм.
Г.ХОРОЛ
3,608.65

















































Холбоотой мэдээ