УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Нийгмийн даатгалын сан /НДС/ энэ жил 1.4 их наядын татаас авахаас аргагүй болтлоо дампуурсны шалтгаан юу вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
НДС-гийн төсвөөс хариуцаж байгаа тэтгэврийн сангийн зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэд, хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж, өнгөрсөн хугацаанд НДС-д 4.7 их наядын бодитой алдагдал үүссэн.
УИХ-аас 2012 онд Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан. Хамрагдсан хүний тоо 607 мянга, энэ хүмүүс 37 тэрбум төгрөгийг НДС-д нөхөн шимтгэл хэлбэрээр оруулсан. Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлсөн. Таван жилээр үржүүлж төлснөөр 60 мянгаас 80 мянган төгрөгийг нөхөн төлсөн. Дээрх хуулийн үйлчлэлээр тэтгэвэрт орсон хүний тоо нийтдээ 324 мянгад хүрсэн.
Гэвч тэдний НДС-д төвлөрүүлсэн орлого 37 тэрбум төгрөг боловч таван жил, арван жилээ нөхсөнөөс болоод буцаагаад 1.5 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Энэ зарлага жил бүр нэмэгдэж байна.
УИХ-аас 2020 онд Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд 34 мянган хүн хамрагдаж 76 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн мөртлөө буцаагаад жил бүр 205 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна.
Мөн НДШ 2008 онд 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулсан. Үүнээс болж 2.7 их наядын алдагдал үүссэн. Шимтгэлийг буцаагаад 19 хувь болсон байсныг 2020 онд 17 хувь болгон бууруулсан. Үүнээс болж жил бүр 308 тэрбум төгрөгийн ачаалал НДС дээр ирж байна.
Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах хууль баталсан. Нийт 32 мянган хүн хамрагдаж 167 тэрбум төгрөгийн ачаалал жил бүр НДС дээр ирж байна.
Төрүүлсэн хүүхдийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1.5 жилээр тооцох хууль хэрэгжиж эхэлснээр 72 тэрбум төгрөгийн ачаалал үүссэн.
1995 оноос өмнө Тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн хуулиас болж 81 тэрбум төгрөгийн ачаалал ирсэн. Бүгд нийлэхээр НДС-д 4.7 их наядын алдагдал үүсгэж байгаа юм.
Энэ бол улстөрчдийн болон сонгууль дөхүүлж гаргасан улс төрийн өртгөөс болж үүссэн алдагдал. Цаашдаа Нийгмийн даатгалын сангийн тогтолцоог өөрчлөхгүй бол хүнээр цус алдсан байдалтай хол явж чадахгүй.
Тэтгэврийн даатгалын тогтолцоог хийх ёстой. Үүнээс ухрах араа байхгүй болсон.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Эрүүл мэндийн даатгалын сан энэ онд нэлээн өртэй гарч байгаа. Ирэх онд энэ оных шиг нөхцөл үүсэх юм биш биз. Хоёрдугаарт, аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографи зэрэг тоног төхөөрөмжүүд хуучирсан тул шинэчлэх шаардлага байна. Улсын хэмжээнд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай хэчнээн эмнэлэг байна вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн санд 4.7 их наядын алдагдал үүссэн тухай ярих болоо. Ямар байдлаар үүссэн алдагдал вэ. 2025 онд алдагдлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Тэтгэврийн даатгалын сан дээр ирж байгаа 4.7 их наяд төгрөгийн алдагдал бол улс төрийн богино хугацааны шийдвэрээс болж гарсан эрсдэл. Энэ хэмжээний алдагдлыг бодитойгоор хүлээчихээд байна. Задаргааг нь түрүүн Мөнхтуяа гишүүний асуултад хариулахдаа хэлсэн.
Энэ жил Тэтгэврийн санд үүссэн 1.4 их наядын алдагдлыг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байна.
Ирэх жил 2 их наяд, 2026 онд 2.6 их наяд, 2027 онд 2.9 их наяд, 2028 онд 4 их наядын алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх бодитой эрсдэл үүрлэсэн. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээ цаг алдалгүй хийхгүй бол өөр сонголт байхгүй.
Энэ жилийн 1.4 их наядын татаасаар юуг санхүүжүүлж байгаа вэ гэдэг мэдээллийг өгье.
- Төрөөс иргэдийн тэтгэврийг хариуцдаг 60 мянган хүн байна. Тэдний тэтгэвэрт олгох татаас 758 тэрбум,
- Тэтгэврийн даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 36 мянган иргэнд 308 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна.
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 421 хүнд 5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгох.
- Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдэлд 27,460 хүнд 16.4 тэрбум.
- Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэлд хамрагдах иргэдийн тоо 14 мянга, үүнд 18 тэрбум.
- Цэргийн тэтгэвэр авдаг 23 мянган хүн байдаг, эрт насандаа тэтгэвэрт гардаг. 40 нас хүрэлгүй тэтгэвэр гардаг залуучууд бий. Энэ залуучуудад олгох тэтгэвэрт жил бүр 410 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа.
37 насандаа тэтгэвэрт гарч байна. Энэ бүхнийг нийлүүлэх юм бол 1.4 их наядын зардлыг төсвөөс санхүүжүүлэх шаардлага үүсч байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Энэ оны эхний байдлаар даатгалын сангийн авлага 218 тэрбум байсан, оны төгсгөлд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийн өртэй гарах эрсдэл байна.
Ирэх оны төсөв дээр 305 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл тусгасан. Авлага, өр зээлийн 90 хувь нь ирэх оны төсөв дээр шийдэгдэж суусан.
Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографи суурилагдаж дууссан. MR тоног төхөөрөмж зарим нэг бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээний төвд байх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот орохгүйгээр тухайн бүсдээ оношилгоогоо, эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг бодлого барьж байна. Тийм учраас ирэх жил хөдөө орон нутагт шаардлагатай оношилгоо эмчилгээ, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх зорилгоор 45 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Тиймээс ирэх жилээс 21 аймагтаа оношилгоо эмчилгээгээ хийлгэх боломж биеллээ олно.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Эмч, бага эмч нарыг сургах, орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сургахын тулд гадаад руу явуулах тал дээр ямар бодлого барьж байна вэ.
Хүүхдийн мөнгөнд жилдээ 1.6 их наяд төгрөг зарцуулдаг, тав зургаан том үйлдвэр байгуулах мөнгийг хүүхдүүдэд өгч байна. Энэ мөнгө хүүхэдэд зориулагдаж чадаж байна уу.
Бид бүгдээрээ л мэднэ, хүүхэддээ очихгүй байна. Хүүхэд өөрийнхөө хөгжилд зарцуулдаг болох шинэчлэлийн бодлого байна уу. Ном дэвтрээ авдаг, дугуйлан секцэнд суралцахад зарцуулах боломжтой байхаарзохицуулалт хийж болохгүй юу?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Боловсон хүчнүүдээ гадагш нь явуулж сургаж дадлагажуулах талд онцгой анхаарал хандуулж, гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Улаанбаатар хот, орон нутаг гэлтгүй бүх л эмч мэргэжилтнүүдээ гадагшаа явуулж сургах боломж нэмэгдэж байна. Монгол Улс 10 мянган хүнд ногдох эмчийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Гэсэн ч орон нутагт эмч мэргэжилтний дутагдал байгаа учраас цаашдаа орон нутаг руу чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гадаадад эмч мэргэжилтнээ сургах, чадавхижуулах сургалтад орон нутаг дахь боловсон хүчнээ хамруулъя гэдэг хүсэлт явуулсан.
Харвард руу энэ жил удирдлагын чиглэлээр 20 хүн сургана, орон нутгаас хүмүүс явуулъя саналаа ирүүлээч гэхээр хэл усаараа тэнцдэггүй. Вашингтоны их сургууль руу дата аналистаар ажилладаг 10 хүн явуулж сургая, орон нутгаас явах хүн байна уу гэхээр хэлний төвшинд нь хүрэх хүн олдохгүй байх жишээтэй.
Тийм учраас цаашид бид орон нутгийн эмч мэргэжилтнүүдийнхээ хэлний мэдлэгийг сайжруулах бодлогыг эхний ээлжинд хэрэгжүүлнэ. Ингэснээр цаашдаа гадаадын аль ч улсад очоод мэдлэг мэргэжлээ сайжруулах боломж бололцоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллаасай. тэгж чадвал төвлөрлийг сааруулж, орон нутагтаа иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ авах боломжоор хангагдах юм.
Хэл нь сайжирсан нөхцөлд аль ч улс руу явуулаад сургах боломжоор хангаж өгнө.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хүүхдийн мөнгөн дээр УИХ тодорхой шийдэл гаргах ёстой. Маш эмзэг асуудал. 2025 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэдээ олгоно. Цаашдаа хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа 1.5 их наядыг яаж бодлого болгох вэ гэдэг дээр УИХ шийдэл гаргах нь зөв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Хүүхэд хамгааллын тухай хууль дээр орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал бий. Орон нутгийн удирдлагууд шинээр томилогдож байна. Хүүхэд хамгааллын зардлыг орон нутгийн төсвөөс гаргах эрх зүйн орчныг өнгөрсөн парламентад дээр нээж өгсөн. Энэн дээр төсөв яригдах үед орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах чиглэлд ямар бодлого барьж байна вэ. Сумдад ажиллах хүүхэд хамагааллын асуудал хариуцсан мэрэгжилтнүүдийн зардал 2025 оны төсөвт хэрхэн тусгагдсан байна вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Анхан шатанд дээр 590, хороодод 337 нийгмийн ажилтан ажиллах шаардлага бий. Нийт 927 нийгмийн ажилтны цалинд 24.7 тэрбум төгрө,г НДШ-д нь 3.3 тэрбум төгрөгийг гэрээгээр гүйцэтгэхүүлэхээр 2025 оны төсөвт суулгасан.
Салбарын сайд нар аймгийн Засаг дарга нартай гэрээ хийдэг. Аймгийн Засаг дарга нар томилогдоод үр дүнгийн гэрээ хийх үед Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үүрэгжүүлсэн гэрээ хийхээр төлөвлөж байна.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ