Нэг.
Мягмар гаригт нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хэвлэлийн бага хурал хийхдээ “АН орон нутгийн сонгуульд ялагдсан ч МАН-д ялагдаагүй” гэв.
Нийслэлийн сонгуульд МАН 45 мандатын 40-д ялалт байгуулсан нь СЕХ-ноос зарласан албан ёсны дүн мөн. Хуульд орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хамаарахгүй гээд нэгэнт заачихсан. Иймд нийслэлийн нийт сонгогчдын 20 ч, хоёр ч хувийн саналаар ялсан байлаа гээд МАН-ын ялалт хууль ёсонд тооцогдоно. Тэгэхээр “Ардчилсан нам МАН-д ялагдаагүй” гэх АН-ынхны үг тоглоомын дүрмээ ойлгоогүй тэнэг хүүхдийн гоншигноон юм. Хэрэвзээ гомдолтой байгаа бол АН-ын зөвхөн өөрсдөдөө гомдох хэрэгтэй. Буруутан хайж байгаа бол “өнөөдрөөс” хайх ёстой.
Зөвлөхөд АН-ын залуус алдаа болгоноо Ардын нам эсвэл ах нар руугаа тохох хэрэггүй. АН-ын ялагдлын буруутнууд нь аймхай, бэртэгчин залуус нь юм.
Энэ удаа нийслэлийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь Х.Нямбаатарын хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн нийслэлчүүдэд таалагдсандаа мэдээж биш гэдгийг эрүүл ухаантай хүн болгон гадарлана.
Авчиг Х.Нямбаатараас илүү дээр сонголтыг АН-ынхан нийслэлчүүдэд олгоогүй нь нэг алдаа. Нэмээд нийслэлийн албан хаагчид болог тэтгэвэр, тэтгэмж, халамжийнхан гэх “ув улаан масс” МАН-ыг харанхуй дугуйлна гэдгийг тооцсон пиар хийгээгүй хоёр алдаа.
Үндсэндээ АН-аас илүүтэй ардчилалд саналаа өгдөг дийлэнх дэмжигчид нь энэ удаагийн сонгуульд эс оролцсоныг АН бодитоор дүгнэх цаг болсон. Сүүлийн долоон удаагийн бүх шатны сонгуулийн дүнгээс харахад /2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуульд/ МАН 50 хувийн ч амжилт үзүүлж чадаагүй. Стхтистикаас харахад МАН-д саналаа өгөөгүй сонгогчдын тоо, МАН-д саналаа өгсөн сонгогчдоосоо хавь илүү байжээ. Жишээ нь, 2024 оны парламентын сонгуульд МАН 35, АН 30.1, ХҮН нам 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан байдаг . 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН нийт саналын 45 хувийн саналаар 62 суудалтай, АН 24 хувийн саналаар 11 суудалтай болж байв.
Нийслэлийн сонгуульд АН-ын гол дэмжигчид тэднээс нүүр буруулсан үндсэн шалтгаан нь экс Ерөнхийлөгч, УИХ-ын “эрхэм” гишүүн Х.Баттулгатай холбоотой. АН-аас нэр дэвшигчид дунд АН-ын гишүүний үнэмлэхтэй хүн тун цөөн ихэнх нь “Баянгол”, “Талх чихэр”, “Мах импекс”-ийн ажилчид байсан. Нөгөө талдаа, АН муу нь муу ч, галзуучуудыг нэр дэвшүүлэх хүртлээ “галзуурахгүй” байсан нь үнэний ортой.
Тиймээс Т.Батцогт хэн нэгэнд гомдмоор байгаа бол тэр нь Х.Баттулга юм.
Аливаа юм муужрахын хэрээр сайн тал руугаа явдаг гэдэг. Женко.Баттулгын "эх орны эрх ашиг" гэгч нь Монголын эрх ашиг бишийг монголчууд одоо мэддэг болсон байна. Түүний "Монгол ялна" романтизм төгсгөлдөө хүрснийг ойлгуулахаас өөр "ололт" гэж юу байх билээ.
Ард иргэдэд ч, АН-ынханд ч нэг андуу ташаа ойлголт байдаг, ардчилал бол Ардчилсан нам юм гэж. АН бол ардчиллаар овоглож ирсэн улс төрмйн нам мөн боловч ардчилсан үзэл санааг тээгч биш болсон. Ардчиллын үзэл санаа ба Ардчилсан намын үзэл бодол хоорондоо зөрчилдөөд удаж байгаа. Ардчилсан нам өнөөдөр Ардын намын зүүн төвийг үзлийн гол дэмжигч, тэдний чухал хамтрагч болж хувирсан нь гашуун үнэн. Цагтаа Ардчилсан нам эгнээндээ 180 мянган гишүүнтэй, тэднээс ч олон дэмжигчтэй, ардчилсан үзэл санааны туг байсан. Тэр үзэл санаа өнөөдөр “ах нартай” нь хамт тэтгэвэртэй гарсан байна.
Хоёр.
НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн тул АН-ын дүрэмд зааснаар Т.Батцогт нийслэлийн АН-ын даргын албаа өгөхөө, Э.Бат-Үүл энэ албан тушаалд эргээд өрсөлдөхөө зарласан.
Э.Бат-Үүлийн мэдэгдэл нэг талаасаа олон хүний хүлээлт дагуулж, нөгөө талдаа олон хүний эрх ашгийн эмзэг цэг дээр хатгасан нь лавтай. Нэн ялангуяа АН-ыг “Баянгол”-ийн хаяанд аваачих хүсэлтэй хийгэжд далгаьариай хүмүүст хүнд цохилт өгсөн ч биз.
Э.Бат-Үүл эргэж ирэлт зарлах нь АН-д төдийгүй МАН-д таагүй мэдээ байх нь, тэд тааламжгүй хүлээж авах нь ойлгомжтой. Гэсэн ч АН үнэт зүйлээ олж авах нь Монголын ардчилалд хэрэгтэй. Монголын ардчилал сэргэх нь Монголын аюулгүй байдалд тустай.
Ийм ганц шалтгаанаар Э.Бат-Үүлийг, АН-ын ах нарыг намаа болон Монголын ардчиллыг аваасай, авраасай гэсэн хүлээлт нийгэмд бий болоод удаж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн нүүр номдоо гаргасан бухимдалд үнэн ч юм байна, худлаа ч зүйл байна. Үнэн нь гэвэл 2017 оноос хойш АН өөдийн нар хараагүй, бүх шатны сонгуульд бүгдэд нь ялагдал хүлээсэн. Бүр үнэн нь АН-д албан ёсны генсек байгаагүй. МАН-аас АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар БЭТ-өө томилсон нь бодит факт. Ардчилсан намд Ардчилсан намын генсек хэрэгтэй гэж АН-ын гишүүдэд зөндөө сануулсан юм даг. Айгаад бүгдээрээ дуугардаггүй, асуудлаа ил гаргаад ярьдаггүй л байсан шүү дээ.
АН-ын ялагдал болгон ах нартай нь холбоотой гэж үзвэл энэ нь мөн хоёр талтай. Мэдээж, Ө.Шижирийн үзэн ядаад байгаа “ах нар”-ын нэг нь Х.Баттулга болох нь гарцаагүй. Тэр тусмаа 2017 оноос АН бүх шатны сонгуульд ялагдсан гэвэл тэр нь Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи үйл явдал болох нь мэдээж. Үнэндээ Ө.Шижир тойруу замаар байр сууриа товчхон илэрхийлсэн болохоос АН-ын уруудалт 2017 эхэлсэн нь ч, Х.Баттулга АН-д бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдээгээгүй нь ч, Монголын ардчиллыг Шанхайн ломбардад тавихыг санаархаж, цаазын ял сэргээхийг хүссэн ч бүгд болсон явдал, бүгд ийм л бодолтой.
АН-д үлдсэн ах нар гэвэл өнөөдөртөө Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л байна. Бусад нь өнгөрсөн хугацаанд залуустаа боломж олгосон, намаасаа явсан. Харамсалтай нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний туг болж намирах ардчилсан үзэлтэн АН-ын залуусын дунд үзээд өгье, нэрлээд гаргая гэхнээ үнэндээ алга.
Өнгөрсөн зун С.Баярцогтоос “жагсаалтын 9”-ыг булаасан Х.Тэмүүжин гишүүн тэр их ямаан омгоо яагаад Х.Баттулгад сая гаргаагүй вэ? АН-ыг нийслэлд татан унагаж буйг нь алсаас чимээүй хараад сууж байсан нь худлаа юм биш юм. “Ч.Сайханбилэгийг баривчилж авчир" гэж чуулганы танхимд өндөр дуугаар хашгирахд байгаа Б.Пүрэвдорж ногоон автобусны луйвар, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэрэгт ил, далд нэр холбогддог Ардын намынхныг барь, хорь гэж бахирч чадах нь юу л бол. Ингэхэд спикер Д.Амарбаясгалантай холбогддог “Админерал” компанийн хулгай, луйврыг асууж чадах эр зориг АН-ынханд бий юу. Адаглаад л сонгуулийн үеэр МАН-ын ухуулагчид зодуулж амиа алдсан журмын нөхрөө дурсаж суугаа хүн АН-д хэн байна вэ?!
АН-ын залуус ах нартаа АТАМАН болдгоос Ардын намын өмнө ГӨЛӨГ болдог нь гүтгэлэг лав биш.
Иймээс Э.Бат-Үүлийг намдаа эргэн ирж, “В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлөөсэй”, албан тушаал, эрх мэдлээр намаа наймаалцсан "дүү нар"-аасаа АН-ыг авраасай гэсэн гэж нийгэм өөрөө дуудаж байна!
Жич: Ялгаатай нь Э.Бат-Үүл бол Ө.Шижир мэтийн листны улстөрч биш. Ө.Шижирт Бат-Үүлийн дайны эр зориг, үнэт зүйл байх ч үгүй юм.
3,608.65





















































Холбоотой мэдээ