УИХ-ын гишүүн М.Нарантуяа ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг аргатай зальтай УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцож, олон нийтэд зарлаж байх саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдааны үеэр гаргалаа.
Энэ талаар тэрбээр “Өдрийн хоол цайны цаг болсон ч иргэдээ төлөөлөөд үлдсэн цөөн хэдэн гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. УИХ- ын даргадаа зарчмын санал дэвшүүлмээр байна. Чуулганы ирц дээр үг хэлэхгүй бол болохгүй нь дарга аа. Аргатай зальтай хэд хэдэн гишүүн байна.
Хурууны хээгээ уншуулчихаад гараад явдаг, бүтэн өдөржин хуралдаа орж ирдэггүй. Үг хэлэх болохоор орж ирж, попорчихоод гараад явдаг. Энэ хүмүүс өнөөдөр parliament.mn дээр ирцэнд орчихсон, бүртгэлтэй байгаа хэрнээ энэ танхимд суугаад иргэдээ төлөөлөх ажлаа хийхгүй байна.
Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдрийн хуралдаан дээр ч ирцээ бүртгүүлчихээд гараад явсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар ч тийм л байсан. Би бүгдийг нь ажиглаад байгаа. Би Ёс зүйн хороогоор орсон учраас шаралхаад ажиглаад байгаа юм биш. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна.
УИХ-аас иргэн төвтэй парламент бий болгоно гээд маш их цаг наргүй судалгаа, хэлэлцүүлэг, уулзалт хийгээд яваад байдаг. Гэтэл би төвтэй хэдэн гишүүн нь хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар байгуулаад эвссэн. Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.
Манай намын дарга Б.Батбаатар байна, би гайхаж байна. Сүүдийн Засгийн газар байгуулна гээд гайхуулаад л байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж, яаж Засгийн газарт хяналт тавих гээд байгаа юм.
Худлаа попроод яваад байдаг. Би бол маш их эргэлзээтэй, маш их бухимдалтай байна. Тийм учраас ирцээ бүртгүүлчихээд нэг цагаар илүү хугацаагаар хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцдог болмоор байна гэдэг санал дэвшүүлж байна” гэв.

Харин ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар дээрх асуудалд “М.Нарантуяа гишүүний тухайд туршлага дутаж байгаа болов уу. Араас нь магадгүй янз бүрийн байдлаар түлхдэг байхыг үгүйсгэхгүй. Үгүй ч байж болно. Өөрөө бас мэдэх мэдэхгүй зүйл дээр өөрийнхөө бодлоор хандаж байхыг үгүйсгэхгүй. Анх удаа УИХ-ын гишүүн болсон хүмүүс эхэндээ өөрсдийгөө бүхнийг мэддэг болсон юм шиг илүү дутуу зүйл ярих нь их. Тэр үе дээрээ л явж байна" гэж сэтгүүлчийн асуултад тайлбар хийв.
УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоолын төслүүдэд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ 126 гишүүнтэй болсон. Гэвч шинэ парламент бүрдэн, анхдугаар чуулганы дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан цаг үеэс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн оролцоо хангалтгүй байх болсон. УИХ-ын даргын зүгээс чуулганы хуралдаандаа суудаггүй, тасалдаг гишүүдийг нэг бүрчлэн олон нийтэд мэдээлнэ, сонгогчид нь мэдэг" гэдэг анхааруулгыг өгсөн ч нэмэр болсонгүй.
Г.ХОРОЛ
3,608.65














































