Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.
Энэ дагуу аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулаад буй.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд
- 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд
- 29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг.
Зөрчлийн тухай хуулийн 6.30.4-т Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Тус хууль хэрэгжиж эхэлсэнээр такси үйлчилгээний хүртээмжгүй байдлыг улам нэмэгдүүлнэ хэмээн иргэд бухимдаж байгаа юм. Мөн түүнчлэн хувиараа такси эрхэлдэг иргэдийн хувьд тус хуулийн заалт бодит байдал дээр хэрэгжих ямар ч боломж байхгүй гэдгийг хэлж буй.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Тус хууль бол такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой асуудал. Тиймээс хувираа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд уг журамд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг тооцно. Иргэд хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байгаа тохиолдолд уг журам хамаарахгүй гэдгийг дахин хэлье. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 4-5 аж, ахуйн нэгж бий. Эдгээр компаниуд хууль, журамд заасан тусгай шаардлага, стандартаа хангах, зөвшөөрөл сунгуулахад л хамааралтай асуудал" гэв.
3,608.65














































