niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 16:34 UTC Source: https://news.mn/r/2758428/ 123472d467f0e19a… ← back to niitlelch.mn

Танилц: Дүүргийн Засаг дарга нарт горилогчид

Хуучирсан мэдээ: 2024.10.16-нд нийтлэгдсэн

Танилц: Дүүргийн Засаг дарга нарт горилогчид

Танилц: Дүүргийн Засаг дарга нарт горилогчид

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон Х.Нямбаатарын баг 45 суудлаас 40 -ийг нь авч нийслэлд олонх болсон. Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 56.3, 56.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг НИТХ-ын МАН-ын бүлгээс нэр дэвшүүлснийг  нийт төлөөлөгчийн олонхи дэмжин баталж, уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас НИТХ-ын даргаар А.Баяр нийт төлөөлөгчдийн 86.7 хувийн саналаар сонгогдсон.  Тэгвэл Улаанбаатар хотын захирагчаар улиран сонгогдож олны дэмжлэгийг авсан Х.Нямбаатар тун удахгүй дүүргийн Засаг дарга нарыг батламжлах чимээ дуулдаж байна. Учир нь, нийслэлийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эхнээсээ товлогдож, Засаг даргаа сонгон, Улаанбаатар хотын захирагчид өргөн мэдүүлэн, батламжуулахаар яаравчилж эхэлжээ.   Тиймээс аль дүүрэгт хэн Засаг даргад горилж байгааг тоймлон хүргэе.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ХУЯГБААТАРЫГ УЛИРААН ТОМИЛОХ УУ?

 

Сонгинохайхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар, Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар хамгийн өндөр санал авч иргэдийн итгэлийг хүлээж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгвэл тус дүүргийн Засаг даргаар Б.Хуягбаатарыг улираан томилох аж. Тэрбээр, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Учир нь тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Хуягбаатарыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын дарга, Засаг даргаар ажилласан намтартай. Сонгинохайрхан дүүргийн иргэд ийнхүү сүүлийн 12 жилийн турш МАН-д УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд багаар нь дэмжиж итгэл хүлээлгээд буй нь энэ юм.

Х.НЯМБААТАРЫН БАРУУН ГАР Г.УУГАНБАЯР БЗД-ИЙГ УДИРДАХ УУ?

 

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй дүүрэг бол Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт МАН-аас Г.Ууганбаяр, Ч.Батзориг,А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа,Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар НИТХ-д сонгогдсон бол, Ардчилсан намаас Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт улиран сонгогдоод буй.  Нэгэнт МАН дүүрэгтээ олонх болсон учраас МАН-аас Засаг даргаа томилох юм. Тус дүүргийн Засаг даргаар Г.Ууганбаярын нэр яригдаж байгаа бөгөөд түүнийг хотын дарга Х.Нямбаатарын баруун гар гэдэг. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Ууганбаярыг хэдхэн хоногийн өмнө томилсон нь гэнэтийн шийдвэр байгаагүй биз. Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, улмаар Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж байсан энэ салбартаа туршлагатай нэгэн юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ө.СУМЪЯАБААТАР УЛИРАХ УУ, Б.СЭМЖИДМАА СОНГОГДОХ УУ?

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар иргэдээс хамгийн өндөр санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тус дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар болон Б.Сэмжидмаа нарын нэр яригдаж байна. Ө.Сумъяабаатарын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн Засаг даргаар ажилласан. Тэрбээр, 2012 оноос хойш дүүрэнг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд түүнийг "Дүүрэгтээ хамгийн сайн ажилласан Засаг дарга учраас дахин НИТХ-д нэрийг нь дэвшүүлж байгаа" гэдгээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн удаатай. Харин Б.Сэмжидмаагийн хувьд улс төр судлаач, багш мэргэжилтэй, намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, удирдах ажлыг олон жил хийсэн туршлагатайгаас гадна өнгөрсөн дөрвөн жил БГД-ийн ИТХ-ын даргаар ажилласан юм.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Д.БАДАРСАН ТОМИЛОГДОХ УУ?

Сүхбаатар дүүргээс НИТХ-д  Ардчилсан намаас М.Эрдэнэсүх, Д.Бадарсан, МАН-аас Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн нар сонгогдоод буй. НИТХ-д намуудын төлөөллийн тоо тэнцсэн ч дүүргийн ИТХ-д Ардчилсан нам олонх болсон. Тиймээс дүүргийн ИТХ-д олонх болсон Ардчилсан намаас Д.Бадарсаныг тус дүүргийн даргаар томилох асуудал яригдаж буй. Д.Бадарсаны хувьд өмнө нь тус дүүргийн Засаг даргаар 2012-2016 онд сонгогдон ажиллаж байсан. Дүүргийнхээ асуудлыг мэддэг, дүүргээ удирдаж явсан туршлагын хувьд Ардчилсан намд түүнээс өөр сонголт үлдээгүй бололтой.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД Л.ХОСБАЯРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүрэгт  МАН-аас Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас Г.Зундуйдорж нар хамгийн өндөр санал авч НИТХ-д сонгогдоод буй. Тэгвэл тус дүүргийн Засаг даргаар Л.Хосбаярыг томилох асуудал яригдаж байна. Л.Хосбаяр нь 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоодугаар сараас эхлэн НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн юм. Мөн НИТХ-ын анхдугаар чуулганаар түүнийг Нийслэлийн ИТХ-ын даргаар томилох тухай асуудал ч мөн хөндөгдсөн юм. НИТХ-ын даргаас мултарсан түүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох торхироо явагдсан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ ЗАСАГ ДАРГАД З.ТӨМӨРТӨМӨӨГИЙН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэгт МАН-аас Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар хамгийн өндөр санал авч НИТХ-д сонгогдоод буй.  Тэгвэл тус дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөөгийн нэр яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Засаг даргын хоёрдугаар орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдаж байсан  З.Төмөртөмөөгийн хувьд өнгөрөгч хугацаанд агаар орчны бохирдолд анхаарал хандуулж ажилласан. Тиймээс Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажилд гар Хотын дарга Х.Нямбаатартай гар нийлж ажиллах боломжтой гэж үзсэн байна.

Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн,Т.Отгонболд нар НИТХ-д сонгогдоод буй.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажилласан Т.Отгонболдыг Багануур дүүргийн Засаг даргаар томилох асуудал яригдаж байна. Ямартай ч ирэх дөрвөн жилийн хугацаанд шинэ Улаанбаатарыг бий болгох зорилт тавиад буй Х.Нямбаатартай гар нийлж ажиллаж, дүүргийнхээ хөгжтлд бодитой хувь нэмэр оруулах Засаг дарга нарын сунгаа энэ долоо хоногт өндөрлөж, аль дүүргийг хэн удирдах нь тодорхой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж