
Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан.

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг өнгөрсөн наймдугаар сард /2024.08.12/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшилсон юм.
Тодруулбал, тус хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаар нотлох баримтын хамт хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 дахин цагт товлосон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын гурван хүнийг шалгаж эхэлсэн талаар /2024.02.26/ өмнө нь мэдээлж байв.
Түүнийг өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж мэдээлж байсан.
Харин прокурорын байгууллагаас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ХОЁР ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байв. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
3,608.65













































