Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын энэ удаагийн сонгуульд хип хопоор залуусыг байлдан дагуулж явсан дуучид өрсөлдөхөөр мандатаа гардаж авав. Тодруулбал, “Намайг дагаад цэнгэ” дуугаараа олныг байлдаж дагуулж явсан “Люмино” хамтлагийн ахлагч Баажий буюу Б.Батхишиг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна.
Баажий энэ удаад тойрог сэлгэн Сонгинохайрхан дүүргийг онилоод буй. Тэрбээр 2016 онд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж байв.
Энэ удаад НИТХ-ын сонгуульд өрсөлдөх болсноо тэрбээр “Би бол хотын унаган хүүхэд. Нас маань 20, 30-тай залуу биш. Сонгинохайрхан дүүрэгт өөрчлөлт хийх зорилгоор өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлсэн. Бид бүхэн нэг хотод амьдраад байгаа хэрнээ 10 хан км-ийн цаана амьдрал тэс өөр байгаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 3х3 талбай хэд баригдсан билээ, гэтэл Сонгинохайрхан дүүрэгт нэг ч байхгүй. Хүүхдүүд автомашины зам дээр бөмбөг тоглож байна. Мартагдсан, хаягдсан газрыг хөгжүүлж болдоггүй юм уу, гэгээрүүлж болдоггүй юм уу. Иргэн хүнийхээ хувьд залуучуудыгаа төлөөлж жаахан ч гэсэн өөрчлөлт хийх зорилгоор нэр дэвшсэн” гэлээ.
Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа дуучин бол “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун юм. “Бусдын хайрыг хүндэл”, "Улаанбаатарын нулимс", "Бороо", "Ганцаараа" дуунуудаараа хип хопын ертөнцөд тэсрэлт хийн гарч ирж байсан Д.Мөнхчулууны хувьд энэ удаагийн орон нутгийн сонгууль хоёр дахь өрсөлдөөн нь гэж хэлж болох аж.
Учир нь тэрбээр, 2016 онд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөн сонгогдож байсан.
Одоо харин Чингэлтэй дүүргээс НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй. Нэр дэвших болсон шалтгаанаа тэрбээр “Улстөрч хүн хуулиа батална, төсвөө батална. НИТХ-ын төлөөлөгч бол нийслэл, дүүрэг, хороонд юу болохгүй байна, тэр бүгдийг засч залруулах ажил хийнэ. Гүйдэг хар буюу менежерийн ажил хийнэ гэсэн үг. Ард иргэд маань УИХ-ын гишүүнийг ийм ажил хийгээд өг гэж шаардах бус төлөөлөгчөөс ажил нэхэж сурах ёстой” гэлээ.
Харин олон нийтийн хувьд тэднийг НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буйд таатай хандахгүй байгаа юм. “Урлаг соёлынхон салбартаа явахгүй болоод ирэхээрээ улс төр лүү ордог юм уу. “Харанга” хамтлагийнхан шиг насаараа урлагтаа бай л даа” гэхчлэн зөвлөж буй.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ