НҮБ-ын 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Японы ерөнхий сайд Ф.Кишида нар уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэд хэд, хэдэн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохирсны нэг нь “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр болжээ. Цар тахлын дараах Монголын гадаад харилцааны бодлого идэвхжиж буй нь эдийн засагт эерэгээр нөлөөлж байна. Нэн ялангуяа аялал жуулчлалын салбар шинээр сэргэж, агаарын тээврийн авиа компаниудаар үйлчлүүлэх жуулчдын тоо эрс өссөн. Энэ нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ачааллыг нэмсэн тул Японы Засгийн газар өргөтгөл хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн ноён Фүмио Кишида Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлт тавьсан байна. Тэрбээр Японд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Монголд хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулах шийдвэр гаргасныг ойлгож, хүлээн авсанд талархлаа илэрхийлжээ. Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд хоёр улсын лидерүүд санал нэгдсэн юм.

3,608.65














































