Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэх шийдвэр гаргах бүрт хувийн хэвшилд ажиллагсад чирэгдсээр “ул”-ныхан болов.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны хоёрдугаар улирлын нэгдсэн мэдээллээр төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж, өмнөх оныхоос 883.6 мянган төгрөгөөр өссөн бол төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3 сая төгрөгт хүрчээ.
Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдын сарынх нь цалин дунджаар 1.5 сая төгрөг байгаа нь хамгийн бага болохыг Үндэсний статистикийн хороо онцоллоо.
МАН Засгийн эрхийг дангаараа барьж байхдаа буюу 2023 оны долдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 40 хувиар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус, тус нэмэгдүүлсэн. Дээрх арга хэмжээний дүнд төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж нэмэгдсэн.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлого ирэх онд ч үргэлжлэх бөгөөд хувийн хэвшлүүд дахиад л ачааг нь үүрэх болж байна.
Учир нь, төрийн байгууллагад ажиллагсдын цалин өсөхтэй зэрэгцэн хувийн хэвшлүүдээс татварт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлдэг. Мөн цалин өсөх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь цалин нь нэмэгддэггүй хувийн хэвшлийн салбарт ажиллагсдад улам нэрмээс болсоор ирсэн юм.
Одоо иргэд “Төрд л орж ажиллая. Сарын цалингаас гадна улирал бүр урамшуулал авна. Тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг улсын сургуульд үнэгүй сургана. Орон нутагт ажиллаж байгаа бол ипотекийн гурван хувийн хүүтэй зээл авна” гэхчлэн хувийн хэвшлийн салбарт ажиллахад олддоггүй хангамжид нь дурлах болов.
Гэвч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2024.09.20/ мэдээлэл хийх үеэрээ багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавилаа. Шаардлагыг хүлээн авахгүй бол жагсаж, ажил хаялт зарлана.
Багш нарын цалинг нэмэх шаардлага нь эхнийх биш, бас эцсийнх ч биш болов уу. Өмнөх жилүүдэд ч дээрх шаардлага тавьж, жагсаж цуглаж байсан.
Уг нь Боловсролын сайд П.Наранбаярын мэдээллээр бол ур чадвар сайтай багш сарын 3.8 сая төгрөгийн цалин авч буй. Улсын хэмжээнд дээрх цалинг 1000 гаруй багш авдаг. Бусад багш нарт сарын 3.8 сая төгрөгийн цалин авах боломж бүрэн бий. Гэвч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй шаардлагаар багшийн ажлын чанараас үл хамааран үндсэн цалинг сарынх нь 3.8 сая төгрөг болгох шаардлага тавьсан нь өнөөдрийн нийгэмд эдийн засгийн хувьд биелүүлэх боломжгүй, асар их хөрөнгө мөнгө шаардсан шахалт болж хувираад байна.
Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал бүтээмжтэй уялдах ёстой. Гэтэл сайн заадаг багш, муу заадаг багш хоёрын суурь цалин адилхан сарынх нь 3.8 сая төгрөг байна гэдэг бол буруу шаардлага.
Хэн сайн хичээлээ зааж хүүхдэд мэдлэг эзэмшүүлж чадна тэр багш өндөр цалин авдаг тогтолцоо л үйлчлэх ёстой.
Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монголын багш нарын цалин бага нэмэгдүүлэх шаардлага байгаа ч ур чадвартай нь уях ёстой. Дээр нь ачааллыг бодолцох ёстой. Сумын сургуулийн багш, нийслэлийн сургуулийн багш хоёрын үүрч буй ачаа газар тэнгэр шиг зөрүүтэй нь үнэн. Жишээлбэл, сумын сургуулийн багш дунжаар 15 хүүхдэд хичээл зааж байгаа бол нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш 40-50 хүүхдэд хичээл зааж буй. Физик, математик, хими, англи хэлний багш дутагадалтай сургуульд олон цагаар хичээл заахаас аргагүй болж буй. Гэхдээ багш хэр олон цагийн хичээл заана, тэр хэрээр цалингаа бодуулж авдаг. Хэдий тийм ч ачааллыг тэнцүүлж гэмээнэ сургалтын чанар дээшилнэ. Тиймээс багш нарын цалинг өсгөх бол чанарт анхаарч, бүтээмжтэй нь уяж өгөхгүйгээр боловсролын салбарт ахиц дэвшил гарахгүй.
Боловсролын салбар уналтад орсныг жил бүрийн хавар их, дээд сургуульд элсэхээр өгч буй Элсэлтийн шалгалтаас харж болно. Элсэлтийн шалгалтад ирсэн даалгаврыг зарим багш бодож чаддаггүй тухай хөндөгдөх болсон нь ямархуу боловсон хүчнээр хүүхэддээ хичээл заалгаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Ийм багшийн сарын үндсэн цалин 3.8 сая төгрөг байх нь хэр зөв бэ. Эндээс эхлээд олон талыг бодолцож цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй бол юм л бол “Цалин нэмэгдүүлэхгүй бол жагсана, ажил хаяна” гэж шантаажилдаг буруу жишиг тогтлоо.
Чанарын асуудлыг зөвхөн багш нараар хязгаарлах ёсгүй төрийн албанд ажиллаж байгаа 225 мянган албан хаагч, ажиллагсдаас шаардах ёстой.
Дээр нь төр хувийн хэвшлийн салбарт ажиллагсдыг бодолцдог байх ёстой. Төрийн албаныхны цалинг нэмэгдүүлэх шийдвэр хувийн хэвшлийн салбарынханд хүндхэн ачаа болж бууж буйг анхаарахгүй бол мөдхөн татвар төлдөг аж ахуй нэгжгүй болж мэднэ.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ