Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшүүлсэн ч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан үндэслэлээр шүүхээс ял сонсч байсан тул Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан болохоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам Д.Мөнх-Эрдэнийн оронд Т.Хаянхярвааг нөхөн дэвшүүлэхээр болжээ. Мөн Ардчилсан намын гишүүн Ц.Эрдэмбилэгийн хувьд татварын өртэй байсан бөгөөд төлбөр барагдуулсан бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлснээр нэр дэвших боломжтой болсон байна.
Сануулахад, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ НИТХ-ын сонгуульд 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан тухай мэдэгдсэн. Тэрбээр "НИТХ-ын сонгуульд 15 нам , нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу НИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам, нэг эвсэлээс 282 хүн нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу нам, эвсэлийг бүртгэх эсэхэд шаардагдах баримт бичгийн лавлагааг нэр дэвшигч нараас авсан. УБЕГ-т есдүгээр сарын 11-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана гэж заасны дагуу нийт 282 иргэнийг нэгбүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан. Ингээд нийт нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан хэмээн мэдээлж байв.
3,608.65














































