niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:00 UTC Эх: https://news.mn/r/2749631/ cc1347f754ce3a76… ← niitlelch.mn руу буцах

Нийслэлд 23 мянган сурагч түрээсийн байр хайж байна!

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

Нийслэлд 23 мянган сурагч түрээсийн байр хайж байна!

Нийслэлд 23 мянган сурагч түрээсийн байр хайж байна!

Шинээр бүрдсэн парламент саяхан 2024 оны төсөв тодотгож, 2025 оны төсвийг Засгийн газраас өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд Засгийн газраас ирэх 2025 оны төсөв өргөн барьж, ямар бүтээн байгуулалт хийх талаараа тусгасан гэсэн үг. Шинээр өргөн барьсан төсөвт нэг ч сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барихгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Өөрөөр хэлбэл, ирэх онд шинээр сургууль, цэцэрлэг барихгүй харин одоогийн үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төслүүд ашиглалтад орвол нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай бий болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд одоо ерөнхий боловсролын сургуулиуд нь өөрийн гэсэн байртай, тэр байранд нь хүүхдүүдийн хүрэлцээ хангамж ямар байгаа, түүндээ тулгуурлаж ирэх оныхоо төсвийг боловсруулсан уу?

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал жил бүр яригддаг. Хамгийн сүүлд гэхэд бид "Сурагчид хонгилд хичээллэж байна"  сурвалжлагыг бид бэлтгэсэн. Хотын төвд шахам байрлах нийслэлийн 21-р сургуулийн зарим сурагчид хонгилд хичээллэж, хоолоо холоос зөөлгөж, агааргүй, зориулалтын бус газар хичээллээд 2 дахь хичээлийн жилээ үдэж байгаа талаарх сурвалжилсан билээ. 21-р сургуулийн бага ангийнхан сургууль нь хүрэлцээгүй учраас зориулалтын бус барилга түрээслэн хичээллэж буй нь энэ юм. Тэгвэл яг 21-р сургууль шиг нөхцөл байдалтай 6 сургууль одоогоор түрээсийн байр хайж байгаа гэдгийг албаныхан мэдээлэв.

Боловсролын ерөнхий газрын дарга Б.Ням-Очир долдугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдээлэлдээ энэ хичээлийн жилд 30 гаруй сургуулийн 23 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа гэж мэдээлж байв.

Тэгвэл тус сургуулиудыг өргөтгөж, түрээсийн хичээлийн байранд шилжүүлэх зохицуулалтыг хийснээр өнөөдрийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Эдгээр сургуулийн сурагчдыг ч мөн түрээсийн байр яаралтай олж шилжүүлэн аравдугаар сарын 1-н гэхэд хоёр ээлжээр хичээллүүлэх юм байна.

Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 113, 38, 141, 123, 10, 130, 5, 131 дүгээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа ажээ.

Яг нэг жилийн өмнө буюу 2023 оны хичээлийн шинэ жилийг ч мөн олон сургууль өөрийн байргүй, зориулалтын бүс түрээсийн байранд нээлтээ хийж байв. Энэ талаар бид Сургуулийн байргүй сурагчид зориулалтын бус орчинд хичээллэх ёсгүй! нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэсэн. Тухайн үед түрээсийн сургуулиудыг мөн л 2023 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулаад хүүхдүүд сургуульдээ хэвийн явна гэж амлаж, хэлж байлаа. Тэгвэл өнөөдөр ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хүүхдүүд зориулалтын бус орчинд хичээллэж байна.

Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын 113, 10 дугаар сургуулиудын засвар өргөтгөлийн ажил дуустал буюу аравдугаар сарын 1-н хүртэл гурван ээлжээр хичээллүүлэх юм байна. Харин  тавдугаар сургуулийн хувьд мөн л өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. Тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил есдүгээр сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүний дараа хоёр ээлжид шилжих юм байна.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын 38, 141, 123, 130, 131 дүгээр  сургуулийг  түрээсийн байр олтол гурван ээлжээр хичээллүүлэхээр болжээ.

Түрээсийн байр яаралтай хайж байна. Цахимаар хичээллүүлнэ гэсэн асуудал яригдаагүй гэж Боловсролын ерөнхий газрын төсөл хөтөлбөр олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Нүрмаа хэлэв.

Угтаа бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад /2017 онд/ нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хална, цаашид нийслэлийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, энэ орчныг бид бий болгоно гэж ам өгч байлаа. Түүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан ажиллаж байгаад өнөөдөр П.Наранбаяр гэх сайдтай болсон. Сайд солигдож, шийдвэр гаргаад өнгөрснөөс бодит байдал дээр сургуулийн барилгууд нь ашиглалтад ороогүй хоёр жил болж байгаад хэн хариуцлага хүлээх вэ. Үүний хохирогч нь сурагчид, хүүхдүүд, эцэг эхчүүд болоод л дуусч, харин сайд, дарга нар нь "шагнал" аваад явсаар байх уу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж