niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:30 UTC Эх: https://news.mn/r/2748967/ eff8dc59341de479… ← niitlelch.mn руу буцах

Эрчим хүчээр социализмд хөтлөхүй

Хуучирсан мэдээ: 2024.09.06-нд нийтлэгдсэн

Эрчим хүчээр социализмд хөтлөхүй

Эрчим хүчээр социализмд хөтлөхүй

Халх голын ялалтын ойгоос илүү ТЭЦ-III-ыг өргөтгөх зураг төслийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ажил ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын гол асуудал болов. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт гэнэтийн байдлаар УИХ-аар оруулж ирсэн бөгөөд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ТЭЦ-III-ыг өргөтгөх асуудал бол гэнэт оруулж ирсэн асуудал биш. Надаас өмнөх Эрчим хүчний сайд нар эхлүүлээд явж байсан төсөл” гэж өөрөөсөө зайлуулав. Ингэхдээ “ТЭЗҮ-ээ Оросын компаниар хийлгээд ирүүлсэн. 1 тэрбум 326 сая еврогоор цахилгааны 300 МВт, дулааны 400 орчим МВт-ын төслийг хэрэгжүүлнэ гэх саналыг ирүүлдэг. Бид хэт өндөр үнэтэй байна, үнээ буулгах, санхүүжилтийн нөхцөлийг тохиръё гэдэг шаардлагыг сүүлийн хоёр жилийн хугацаанд тавьсан… Есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үед гэрээнд гарын үсэг зуръя гэдгийг хоёр улсын Засгийн газар илэрхийлсэн. Энэ зөвхөн зураг төсөл боловсруулах ажилд гарын үсэг зурна. 2026 оны хоёрдугаар улирал хавьцаа зураг төслийн ажил дууссаны дараа барилгын ажлын гэрээг байгуулах талаар ярина” гэсэн билээ. Эрчим хүч үнэхээр Монголын номер 1 асуудал болов.

Шадар сайд Т.Доржханд “Эрчим хүчний үнийн либералчлал салбарын либералчлалын нэг хэсэг нь. Үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ” гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэ нь зөвхөн өнөө, маргаашаа аргацаасан үйлдэл болох нь хэнд ч ойлгомжтой байна. М.Энхсайханы Засгийн газрын унах шалтгаан болсон эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал энэ засгийн үед ч явахгүй нь нэгэнт тодорхой болов.

Бүгд сонгуулиар эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай ярьж байсан ч бодит байдал дээр ярьснаасаа ухрав.

Үнийг чөлөөлөхгүйгээр нэмж, дундын бодлогыг баримтлах нь урт хугацааны туршид бидэнд таатай нөхцлийг яав ч авчрахгүй. Энэ нь өнөө өвөл хотоороо хөлдөхөөс л сэргийлэхээс биш цаашид явахгүй.

Үнэ нэмж, аюулыг түр хойшлуулсныгаа амжилт гэж боддог Т.Доржханд тэргүүнтэй дундыг баримтлагчид өнгөрсөн хугацаанд байнга улс орны байдлыг ухрааж иржээ.

Арав, бүр 25 жилийн өмнө эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэж ярьж байсан тэд өнөөдөр өөрсдөө үнэ нэмэхийг санал болгон тулгаж байна. Тэд зөвхөн төрийн монополь байдлын улмаас ямар ч сэхээ авах боломжгүй болсон энэ салбараа чөлөөлөх тухай огт ярихгүй байгаа нь хаашаа хөтлөөд байгааг нь харуулаад өгнө. "Дундыг баримтлах бодлого социализмд хөтөлнө" гэж Людвиг фон Мизес анхааруулсан нь өнөөгийн Монголд биелэлээ олж байна.

Төрийн оролцоо аажим аажмаар ахисаар өнөөдөр Монголын хамгийн том худалдан авагч нь төр өөрөө болчихлоо. Өнөөдөр төрийн өмчит компаниудын хөрөнгө ДНБ-ээс давсан бөгөөд түүний тоо, хөрөнгийг зээл тавих байдлаар зузаатгаж байна. Тэгсэн хэр нь 1 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 6 төгрөг зарцуулдаг жишиг тогтжээ. Нийслэлчүүдийг түлшээр хангаж буй “Тавантолгой түлш” компани гэхэд л хууль бусаар 1,1 их наяд төгрөг үгүй хийчихсэн тухай хулгайг УИХ дээр яриад сууж байна. Монголын төл бүхнийг шийддэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хүрэхэд тун чиг ойрхон иржээ.

Чөлөөт зах зээлийг хамгийн хүчтэй эсэргүүцэгчид бол үеэ элээсэн ахмадууд биш, харин либералчлал ярьдаг ардчилагчид, зүүн төвийн үзэлтэй МАН, тэднийг дэмжин дахин дахин сонгодог сонгогчид болов.

Тэд хэзээ ч шууд бүхнийг нийгэмчлэх тухай ярьдаггүй ч нийгмийн сайн сайхны төлөө гэх халхавчаар өнгөрсөн хугацаанд чөлөөт зах зээл рүү явах замын хааж ирэв. Зах зээлийг үгүйсгэдэггүй ч “Төрийн оролцоогүй зах зээл гэж байхгүй” гэж бүр зарласан нь бид яг ямар замаар хаашаа яваад байгааг яг таг хэлээд өгнө.

Өнөөдөр нүүрсний станцаар шалтаглан дахиад Оросоос хамааралтай байх нөхцлөө “аргагүйн эрхэнд” гэж тайлбарлаж байна.

Хэн нь ч ялгаагүй, өнөөгийн хүнд нөхцөл байдлаасаа хамааран гадны нөлөөнд автахад бэлэн байна. Түүнээс сэргийлэх ганц арга зам нь эрчим хүчний хязгаарлалтанд ч орсон ч бай данхар төрийн эрх мэдлийг хумих, асар өндөр төсвийг нь багасгах явдал болжээ.

Эрчим хүчний хувьд төрийг цахилгаан станц барь гэвэл 20, 30 жил ч хоосон хонож мэдэх төдийгүй барилаа гэхэд нэг бол маш их хэмжээний хулгай л болно. Тиймээс төрөөс эрчим хүчний салбарыг чөлөөлж, үнэ тогтооно гэж савраа сунгахыг нь болиулахыг л шаардах хамгийн зөв гарц болж байна. Эдийн засагт төр оролцсоноор улам л уруудаж буйг бид бодит амьдралаараа мэдэрч байна. Тиймээс эдийн засагт төрийн оролцоог болиулж чадвал тэндээс тоногч, баяжигч улстөрчид үгүй болно.

Бидний асуудлыг шийдэх нэрийдлээр төр эрчим хүчний асуудлыг шийдэж, үнэ нэмж, зээл аван станц барих тухай яриа эцэстээ эрчим хүчээр дамжуулан социализмд хүргэх л яриа болохоос эрчим хүчний хараат байдал, эрүүл өрсөлдөөнийг бий болгох тухай асуудал огтоос биш билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж