Улаанбаатар хот дахь авто зогсоолын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохоо Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага хяналтын хэлтсээс мэдэгдлээ.
Судалгаагаар нийслэлийн хэмжээнд Их тойруу, Бага тойруу дотор авто зогсоолын эрэлт хамгийн их гарчээ. Иймээс эрэлтийг үндэслэн төлбөрийн уян хатан зохицуулалт хийхээр санал боловсруулж буй юм байна. Улмаар энэхүү үнийн саналаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж батлуулах аж.
Нийслэл нь Улаанбаатар хотын хэмжээнд 72 байршилд 1870 газартай төлбөртэй зогсоолын гэрээ байгуулан ажилладаг байна.
Сануулахад, өмнөх Засгийн газрын үед Улаанбаатар хотын А бүсэд автомашины зогсоолын төлбөр 1 цаг нь 5000 төгрөг бол Б бүсэд 1 цаг нь 4000 төгрөг байхаар тооцож байна гэж Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд нь мэдэгдэж байв. Энэхүү авто зогсоолын үнийн тарифыг судлаачид мэргэжилтнүүд гаргасан болохыг ч онцолж байсан. Гэхдээ энэхүү үнийн тарифыг батлуулаагүй.
Улаанбаатар хотод автомашины түгжрэл үүсэхэд авто зогсоолын хүртээмжгүй байдал нөлөөлж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Мөн хотын төв хэсэг дэх авто зогсоолын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлбэл тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо ч багасах боломж бүрдэнэ, түүнийгээ дагаад түгжрэл буурна гэх нь бий. Гэвч зогсоолын төлбөрийг нэмэгдүүлээгүй. 2022 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан авто зогсоолын төлбөр 1 цаг нь 1500-4500 төгрөг байх зохицуулалтыг мөрдөж ирсэн юм.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ