Түм түжингнэж бум бужигнасан нийслэлийн завгүй өдрүүд ирлээ. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээр Улаанбаатарын түгжрэл нэмэгддэг. Араас нь залгуулаад өвлийн “өчнөөн” асуудал өмнө нь хүлээж байна. Гэхдээ нөгөө талдаа нийслэлийн эдийн засгийн цусны эргэлт сайжирч, үйлчилгээний байгууллагуудын орлого нэмэгддэнэ, орон сууц, түрээсийн байрны эрэлт хэрэгцээ ихэсдэг. Энэ талаар сурвалжиллаа.
МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, ХУИС гээд хотын төвд цөөнгүй их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Оюутны гудамж хөл хөдөлгөөнтэй, үүнийг дагаад “Tse”, “CU”, “GS25” гээд үйлчилгээний газрууд хаяа, хаяагаа дэрлэн оршдог. Үүнээс цөөхөн алхаад “Өргөө” кино театр байна.
Дээрх газрууд зун үйлчлүүлэгч цөөтэй байсан бол хичээл эхлэхтэй зэрэгцээд сул ширээгүй, үйлчлүүлэгчид нь дугаарлан зогсох нь харагдлаа.

“МУИС”-ийн хоёрдугаар байрны өмнө байрлах “CU” рүү оров. Дотроо зай багатайн дээр оюутан, сурагч цөөнгүй үйлчлүүлж байсан юм. Хэдийгээр оюутан, сурагчид тор дүүрэн бараа авахгүй ч тэдний хөл хөдөлгөөн тасрахгүй үргэлжлэх нь илүү ашиг оруулдаг болохыг тус дэлгүүрийн худалдагч ярив. “CU”-гийн тус салбар хичээл, сургууль эхэлснээр ашиг орлого нь хэр их нэмэгдсэнийг менежер Н.Хосгэрэлээс тодруулахад, “Зуны улиралд 1000 гаруй хүн үйлчлүүлдэг байсан. Харин оюутан сурагчид ирснээр ашиг орлого нэмэгдсэн. Өдөртөө 3000 орчим хүн манай салбараар үйлчлүүлж байна. Хичээл жигдрээд эхлэхээр үйлчлүүлэгчийн тоо цөөрдөг. Гэхдээ зунтай харьцуулахад ашиг орлого муугүй байдаг” гэж ярив.

“Шөлөндөө” хоолны газарт ороход сул ширээ хүлээсэн хүн олон. Хоолны газрын менежер Ч.Одончимэг “Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо ихэссэн. Өнөөдөр гэхэд манай салбар өмнөх өдрүүдийнхээс 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна. Өглөөнөөс хойш үд дунд хүртэл 500 гаруй хүн үйлчлүүллээ. Үүнийгээ дагаад орлого 50-80 хувь нэмэгдсэн” гэв
Тэгвэл“Tse” баарны үйлчилгээ хариуцсан менежер Б.Дашжаргалын ярьснаар үйлчилгээний байгууллагууд зуны улиралд ачаалал харьцангуй бага байдаг. Харин хичээл сургууль эхлэхээр ачаалал нэмэгдэг аж. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн тоо өсдөг, нөгөө талаас оюутнууд сургуульдаа явахаар ажиллах хүн хүчний асуудал гардаг гэдгийг хэлж байв.
Ер нь үйлчилгээний газруудын хувьд ажиллах хүчний хомсдол толгойны өвчин болсон байна.
Үйлчилгээний газруудын цалин хөлс бага байдаг тул хүмүүс ирж ажиллах дургүй. Нөгөө талдаа хавтгайрсан халамж иргэдийг залхуу хойрго, бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдралын зорилгогүй болгож байгааг Б.Баярмаа шүүмжлэв. Тэрбээр жижигхэн кофе шоп ажиллуулдаг аж.

“Өргөө” кино театр ч үйлчлүүлэгч олонтой байлаа. Зуны улиралд кино театруудын ашиг орлого мууддаг. Тиймээс есдүгээр сараас шинэ кинонууд кино театруудад тавигддаг гэнэ.
Ийнхүү их хотын завгүй бужигнасан өдрүүдийн сөрөг тал нь замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал байдаг бол эерэг талын нийслэлийн эдийн засгийн цусны эргэлт сэргэдэг. Үйлчилгээний газруудын хувьд ачаалалтай бас ашиг орлоготой үе ирж байна.
Т.Хүслэн
Э.Эрдэнэбилгүүн
3,608.65





















































Холбоотой мэдээ