niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:34 UTC Эх: https://news.mn/r/2748391/ 1f3f8edd9b87d497… ← niitlelch.mn руу буцах

Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ЭРХ ЧӨЛӨӨ ба ЭНХ ТАЙВАН!

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ЭРХ ЧӨЛӨӨ ба ЭНХ ТАЙВАН!

Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ЭРХ ЧӨЛӨӨ ба ЭНХ ТАЙВАН!

Газар зүйн байрлалаа зөөлнөөр дүгнэвэл Монгол их гүрнүүдийн дунд оршдог жижиг агаад жийргэвч орон. Хатуугаар хэлбэл “хадны дундах” хавчуурга улс. Экспорт, импорт нь Бээжингээс, эрчим хүч, бензин шатахуунаар Москвагаас хараат. Бээжин эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аман хүзүүддэг бол Москва газрын тосны экспортоороо хоёрт бичигддэг.
Ийм хоёр том гүрэнтэй хиллэн оршдог ч туурга тусгаар ардчилсан Монголд ах гэж үгүй, дайсан гэж үгүй. Орос бидний ах биш, Хятад бидний дайсан биш. Орос, Хятад нь Монголын хөрш орон, иж бүрэн стратегийн түншүүд юм. Монгол Улс гадаад харилцаандаа олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан бодлого хэрэгжүүлдэг. Иймээс хөршүүдтэйгээ эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаж ирсэн нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах арга, тусгаар тогтнолоо баталгаажуулах ур ухаан юм. Товчхондоо, энэ нь амьд үлдэх заль мэх агаад гоёор хэлэх юм бол “алтан аргамжаа” аж.

Даваа гаригийн үдэш Улаанбаатарт хөл тавьсан Кремлийн эзний 24 цагийн хугацаатай айлчлал монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байлаа. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн зочноор уригдаж ирсэн ч Путины айлчлалын гол зорилго нь өөр агуулгатай байсан нь нэн ойлгомжтой. Тэглээ гээд түүнийг хөөх эсвэл аялдан дагах нь Монголын эрх ашигт нийцэхгүй. Монголын эрх ашиг нь монголчуудын амар амгалан хийгээд ардчилал хүний эрх, эрх чөлөөгөө хадгалах, улсын бүрэн бүтэн, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэгдэх учиртай. Ямар ч тохиолдолд гэрийн гадаах геополитикийг гэр дотроо оруулж болохгүй билээ.

Эцэг өвгөд маань эрт дээрээсээ урьсан зочин, ирсэн гийчнээ цагаан сүүтэй угтаж, цагаан сүүгээр аяны дөрөөг мялаадаг уламжлалтай. “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэг нь ийм учиртай.

Эзэн Богд Чингис хаан хүртэл эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан нь түүхэнд бичигдэж үлдсэн бий. Судар номонд бичсэнээр Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа Их хаан ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон нь улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг хамгаалах нэг ёсны  сургамж  байжээ.

Мэдээж, жижиг улсын зовлон том. Жийргэвч орны хувьд далайд төдийгүй хуурай газраараа гарцгүй Монгол дипломат өрөг дээр гурван нүүдлийн наадах, цаадахыг харж тоглох ёстой. Гээд ирсэн зочноо хүндэтгэх угтах нь улсынхаа эрх ашгийг уландаа гишгэнэ гэсэн утга бүр биш.

Монголчууд 70 жил ЗХУ-ын де-юре улс байсан нь үнэн. Авчиг ардчилсан хувьсгалын ачаар Монгол жинхэнээсээ тусгаар тогтнолоо олсон. Улс төр, эдийн засгийн хувьд бие даасан, парламентын засаглалтай ардчилсан улс юм.

Ардчилалд алдаа, оноо алин бий ч Монголд ганц ухаалаг, том дарга хэрэггүй болохыг Путины энэ удаагийн айлчлалаас монголчууд илүү ухаарсан гэж найдъя. Эндээс олж харах ёстой гол өнцөг, ганц үнэн гэвэл нэг цэцнээс илүү 126 тэнэгээр удирдуулсан нь аминд өлзийтэй, энэ нь Монголын аюулгүй байдлын баталгаа юм байна.
Ардчилсан Үндсэн хуулиар парламентын засаглалыг сонгосон нь, ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь амьд үлдэх хар хайрцагны бодлого болж чадсан байна.

В.Путины айлчлал Монголын эрчим хүчний салбарт хийх реформыг онилсон нь эхнээсээ л ойлгомжтой байлаа. Халх голын ялалтын ойг зорьж ирсэн атал Халх гол очилгүйгээр буцсаны нь учир Монголын Засгийэ газраас зарласан мега төслүүд байв.

Шинэ Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан агаад үүнд эрчим хүчний либералчлал багтсан. Монгол Улс эрчим хүчний эрх чөлөөг олоод зогсохгүй, экспортлогч орон болох нь улс төр, эдийн засаг талаасаа Орост ашиггүй. Путин Улаанбаатар ирэхээс нэг хоногийн өмнө УИХ-ын Байнгын хорооны хурлаар ДЦС-3-ын өргөтгөлийг  яаралтай горимоор хэлэлцсэн нь их гүрний шахалт шаардлага байсан нь тодорхой.

Иймээс Кремлийн эзний хүсэлтээр “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, Эгийн голын УЦС-ыг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулсан Монголын хувьд таагшй мэдээ мөн. Шулуухан хэлэхэд энэ хоёр төсөл ирэх дөрвөн жил хэрэгжихгүй гэсэн үг. Тэгээд ч ДЦС3-ын өргөтгөлийг 1.5 тэрбум еврогоор барьснаар шинээр цахилгаан станц барих эдийн засгийн үр ашигтай төсөл болж мэднэ.

Монголын мал, махыг шүлхийтэй гэж үргэлж сэжиглэдэг, дэлхийд энэ талаар эсрэг явуулга байнга хийж ирсэн ОХУ-ын төрийн тэргүүн “Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөх” тухай ярьсан нь Москвагийн башир санаа биз.

Монгол-Оросын гадаад худалдааны 95 хувийг хойд хөрш эзэлдэг. Энэ бол оросууд монголчуудаас юу ч худалдаж авдаггүйн харуулсан статистик.

  “Хөгшин Царь”-ийн айлчлалаар яригдсан бас нэг асуудал нь боловсролын салбарын хамтын ажиллагаа байв. Хоржоонтой нь, монгол хүүхдүүдийн тархийг орос суртал ухуулгаар угаах улс төр явж буй нь гашуун үнэн.  Дашрамд дурдахад, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт үндсэн гадаад хэлээр англи хэлийг сонгох өөрчлөлтийг хийсэн Засгийн газрын бодлого цагаа олсон хамгийн зөв шийдэл байжээ.

“Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна”. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Путинд хандсан үг энэ. Өнгөцхөн харвал Оросын удирдагчид тал зассан мэт боловч ухаад уншвал даян дэлхийн энх тайвны төлөө дайнаа зогсоохыг дипломат аргаар илэрхийлсэн сануулга байх. Үгэн дотор үг дайдаг нь монгол хар ухаан билээ.

Ардчилсан улсын иргэд В.Путиныг эсэргүүцэж, жагсах нь хэвийн үзэгдэл. Монголчуудад энэ эрхийг нь Үндсэн хуулиар олгосон юм. Харин туурга тусгаар улсын олон нийтийн телевиз /МҮОНРТ/ нь “Россия” шиг ажилласан нь  Монголын хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болов. Монголын олон нийтийн эрх ашгийн төлөө ажилла гэж Монголын татвар төлөгчид, монголчууд тус телевизийг санхүүжүүлдэг юм шүү дээ.

Энэхүү айлчлалын үеэр эрхээ эдэлсэн иргэдээ хууль хүчнийхэн нь баривчилж саатуулсан нь Монголыг гадаад талдаа илүү муухай харагдуулсан нь гарцаагүй. Тэр тусмаа ардчиллаар овоглож,  хүний эрх, эрх чөлөөг тугаа болгож ирсэн АН хууль хүчнийхний хүчирхийллийг нүдээ аниад, амаа хамхиад өнгөрсөн нь эмгэнэл байв. АН цагтаа ардчиллын бамбай, “ах нар” нь иргэдийн эрх чөлөөний дуу хоолой нь болдог байсансан. Атал одоо АН ардчиллын дайсан, Ардын намын хатавчны боол нь болсон байна.

Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа цэрэг арми биш. Хүний эрх болоод эдийн засгийн, эрчим хүчний эрх чөлөө юм. Мөн дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших дипломат бодлого юм.

Жич: Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг авчирсан, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан, Их өрийн тэглэж, оросуудын дарамтаас салгасан, Оюутолгойн гэрээг байгуулж, Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан, “Эрдэнэт”-ийг зуун хувь Монголын өмч болгоход хүчин чармайлт гаргасан хүмүүст хүрлээр хөшөө босгосон ч багадана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж