Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ УИХ-ын чуулганд танилцуулахдаа “Дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй. Яагаад гэвэл сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно. Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна. Тиймээс энэ удаагийн бүтцэд дэд сайдуудын асуудлыг тусад нь оруулсан” гэж мэдэгдсэн. Энэ нь дэд сайдыг засгийн бүтцээс үгүй хийчихсэн явдал хараахан биш юм. Харин ч Засгийн газрын нүсэр бүтцийг Шадар сайдуудаар нэмсэн хэл аман дээр дахиад дэд сайдуудыг оруулж ирэх нь гал дээр тос асгасан хэрэг болно гэж болгоомжилсон хэрэг.
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллаж байгаа. Тэгвэл төсвийн тодотгол, эрчим хүчний станц байгуулах гэрээний асуудал гээд хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудлаа УИХ-аар оруулан шийдүүлж чадсан Засгийн газрын шийдүүлэх дараагийн асуудал нь дэд сайдуудыг томилох болжээ.
Өнөөдөр МАН-д ч тэр, Ардчилсан намд ч тэр нэг ижил асуудал байгаа нь албан тушаалын томилгооноос хоцрогсод. Тэд дэд сайдын суудалд суухаар хэзээний хэлж, тохироо “наймаагаа” хийхээр дээгүүр доогуур гүйлдээд эхэлсэн бөгөөд багагүй мөнгөний хэмжээ дуулдах болов.
Мэдээж хэрэг хамтарсан Засгийн газарт салбар хариуцсан сайд аль намынх байхаас хамааран хяналт нэрийдлээр зөрүүлэн дэд сайдыг томилно. Тиймээс нам намын дарга нар хэнийг аль яамны дэд сайд болгохыг шийднэ гэсэн үг. Мэдээж хэрэг дэд сайдын суудал тоотой. Горилогчид түүнээс хавьгүй олон болсон болохоор намын даргынхаа нүдэнд өртөх гэж аль байдгаараа хичээхээс гадна ил цагаанаар шүүмжилж, дэд сайд болгохгүй бол “алтан улиасыг чинь хуга мөргөнө” гэдэг шиг шантаажлаад эхлэв. Сайтар харвал хэн, хэн намын удирдлага, засаг руу ноцоод байна, тэр л дэд сайдад горилж байна гэсэн үг.
Тиймээс урьд урьдаас илүү өндөр “өртөгтэй” дэд сайдын суудлыг наймаалцах сурагтай байна.
Зарим нь наадмаас хойш найр, наадам хэсч ханасан бөгөөд одоо ажилдаа ормоор байгаа тухайгаа ч нууж, хаалгүй ярьж явна. Нэгэнт дэд сайдын асуудал ойрын өдрүүдэд шийдэгдэх нь ойлгомжтой болжээ. Эхийн эцээж, тугалыг нь тураалгүй томилгоо хийх үү эсвэл гомдогсдын армийн амыг асуух уу гэдэг хамтарсан засагт орсон гурван намын дарга нарын толгойн өвчин болоод байна.
Л.ХАЛИУ
3,608.65





















































Холбоотой мэдээ