niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 23:35 UTC Source: https://news.mn/r/2748226/ bc2eac090b50536f… ← back to niitlelch.mn

Ам ажил нь зөрдөг боловсролын салбар!

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

Ам ажил нь зөрдөг боловсролын салбар!

Ам ажил нь зөрдөг боловсролын салбар!

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал хөндөгддөг. Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд найман сургууль гурван ээлжээр хичээллэнэ гэхээс өөрөөр хаана хаана ямар сургууль, тэдгээрийг энэ онд хэрхэх, засвар нь дуусаагүй сургуулийн сурагчдыг яаж зохицуулалт хийх талаар мэдээлэл өгсөнгүй.

Нийслэлээс 2024-2025 оны хичээлийн жилд 36 ерөнхий боловсролын сургуулийн 23 мянган хүүхэд анги танхимын хүрэлцээ муугаас болж гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарсан гэх мэдээллийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өгч байж. Ямартай ч энэ зун гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудыг өргөтгөж, түрээсийн байруудад шилжүүлэх зохицуулалтыг хийснээр найм болсон бололтой.

Тэдгээр сургуулиудын нэг нь нийслэлийн ерөнхий боловсролын “Тэргүүний” 62 дугаар сургууль. Есдүгээр сарын 1-ний өдөр тухайн сургуулийн эцэг, эхчүүд тус сургуулийн сурагчдыг гэр хороолол дунд зориулалтын бус хүүхэд сурах эрүүл аюулгүй орчин хангаагүй байранд хичээллүүлэх нь гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ мэдээж. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах уг сургууль ачааллаа дийлэхээ болиод удаж буй. Гурав битгий хэл дөрвөн ээлжээр хичээллэхэд хүрээд байгааг сургуулийн удирдлагууд хэлж байгаа юм. Уг нь 62-р сургуулийн өргөтгөлийн шавыг 2018 онд тавьж 2019 онд барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, Сонгинохайрхан дүүргийн 4300 гаруй сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Тус сургуулийн хувьд Их засаг их сургуулийн байранд түрээсээр хичээллэдэг байж. Гэтэл энэ оноос эхлэн тухайн сургуульд түрээслэн суух боломжгүй болсон аж.

Олдсон байр нь гадаа 00-той, дотор бие засах өрөөтэй хэдий ч зөөврийн устай, бойлуураар халдаг аж.

Хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж буй асуудал ганц 62 дугаар сургуулиар зогсохгүй энэ ердөө ганцхан жишээ. Энэ мэт олон сургууль нийслэл болон орон нутгуудад байна. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн сурагчид орой  9:00 цаг хүртэл тарахгүй. Угтаа бол хоёр ээлжээр хичээллэдэг сургуулийн сурагчдын гэртээ харьсан байдаг цагт тэд тардаг. Үүн дээр анги дүүргэлтийн асуудал. Нэг ширээнд гурван сурагч сууна. Багтахгүй бол цонх өөр юу байдаг юм хичээл хийж болох талбай байвал хичээлээ бичдэг гэхэд хилсдэхгүй. Дурдаад байвал асуудал дуусашгүй.

Бага ангийн 44-ээс дээш сурагчтай бүлэг 150 гаруй байгааг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн. Гэтэл Сангийн яамнаас 2025 оны төсвийг хоёр хоногийн өмнө танилцуулсан.

Энэ үеэр 2025 онд нэг ч сургууль цэцэрлэг шинээр барихгүй гэв.

Тодруулбал, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж үзсэн, Засгийн газар. Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэгчээр энэ олон жилийн нүүр үзсэн бүтээн байгуулалтууд хэзээ дуусаж ардын хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах орчин бүрдэх вэ? Жил бүр хэнд ч хүртээлгүй хөшөө дурсгал барьж, зүгээр байгаа замын бордюр сольж байхаар дээр дурдсан олон жил гацсан боловсролын салбарын бүтээн байгуулалтдаа анхаарвал зүгээрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж