Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан олон улс судлаач, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монголд айлчлах албан ёсны товоо зарласан. Цахим орчинд иргэд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байна. Тиймээс олон улс судлаачийн хувьд та В.Путины айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бээжин хотноо өнгөрсөн 2023 оны аравдугаар сард зохион байгуулсан “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан гурав дахь удаагийн дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, ирэх жил Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн түүхэн ойг тэмдэглэх үеэр эрхэм хүндэт Владимир Владимирович Путин таныг Монголын сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьж байна хэмээн илэрхийлсэн.
Урилгыг Оросын удирдагч Владимир Путин талархан хүлээн авсан байдаг. Энэ хүрээнд төрийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улс гадаад бодлогын тэргүүлэх зарчмыг удирдлага болгон 2003 оны зургадугаар сард Москвад сайн хөршийн уламжлалт түншлэл, 2006 оны арванхоёрдугаар сард Стратегийн түншлэл байгуулах Москвагийн Тунхаглалд гарын үсэг зурав. Үүгээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг анх удаа хойд хөрш ОХУ-тай тогтоосон. 2009 оны наймдугаар сард Халх голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх тухай Улаанбаатарын тунхаглалд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны түвшинг шат ахиулсан чухал ач холбогдолтой үйл явдал байв. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн үеэр 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” амжилттай хэрэгжиж буйн илрэл нь хоёр улсын хил орчмын субьектүүдийн хоорондох худалдааны харилцааг идэвхжүүлж, иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдлоо өгч байна. Нөгөө талд Монголд импортоор орж ирж буй суудлын автомашины тоо ширхэг эрс өссөн нь түлш шатахууны импорт өсөхөд голлон нөлөөлж байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Халхын голын ялалтын түүх ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад мөн албан ёсоор айлчилж, энэ үеэр 21 зүйл бүхий Монгол-ОХУ-ын хооронд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүй байгуулсан нь нэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон.
Гэрээг хугацаагүй байгуулсан нь хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харилцан итгэлцлийн түвшинг харуулсан үйл явдал болсон гэж үзэж болно. Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зарчим бол “Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах” тухай юм. Өөрөөр хэлбэл “шинэ түнштэй боллоо гээд хуучин андаа мартахгүй” гэсэн зарчим бөгөөд ОХУ манай хойд хөрш, олон арван жилийн сайн харилцаатай уламжлалт түнш. Өрнөдийн гүрнүүд Монгол Улсын газар зүйн байршлын онцлог хүчин зүйлийг ойлгон хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг.
Олон улс юу гэж харж байгаагаас илүүтэй Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг гэдэг эрхэм зүйл бий. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй хөрш болон их гүрнүүдийн сөргөлдөөнд оролцохгүй гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байдаг.
Социализм нуран унаж, хүйтэн дайн дууссаны дараа Монгол Улсын гадаад харилцаанд гарсан хамгийн том чанарын өөрчлөлт нь үндэсний язгуур эрхийг дээдэлсэн, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлого явуулах боломжтой болсон явдал. Covid-19 цар тахлын үр дагаврыг даван туулсны дараа Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлт гарч, бүхэлдээ тэнцвэртэй гадаад бодлого, дипломат ажиллагаа явуулах болсныг иргэд, олон нийт маш сайн дэмжиж байна.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Тэглээ гээд бид ОХУ-тай харилцаагаа хурцатгаж, тус улсаас түлш шатахуун, эрчим хүч импортоор авахаа зогсоох боломж байгаа юу гэсэн асуулт гарна.
Социалист систем дэх хүйтэн дайны үе буюу 1960-70-аад оны үед Зөвлөлт, Хятадын харилцаа ноцтой хурцадсан. Монгол Улс ЗХУ-ын талд баттай зогссон. Тийнхүү Монгол, Хятадын харилцаа томоохон сорилттой тулгарч, ноцтой хурцдаж, Зөвлөлтийн 100 мянган хүнтэй цэргийн анги Монгол Улсад байрлах болсныг бид мэднэ шүү дээ. ОХУ-ын Украинд түрэмгийлснээс шалтгаалан Монгол, Оросын харилцаа муудаагүй, Монгол, Украины харилцаа ч хурцдаагүй.
Монгол Улс ардчилсан улс, нээлттэй, чөлөөт хэвлэлтэй. Тиймээс иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлж буй нь ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө. Украин дахь Оросын түрэмгийллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээ, академик түвшинд буруушаан шүүмжилдэг. Энэ бол ардчиллын хэвийн үзэгдэл.
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ БАРИВЧЛАХ БОЛОМЖ Ч ХУУЛИАРАА БАЙДАГГҮЙ

–Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын удирдагчийг баривчлагдах шийдвэр гарснаас хойш В.Путин анх удаагаа ОУЭШ-ийн гишүүн орны нутагт төрийн айлчлал хийх гэж байна гэж гадаад хэвлэлүүд тэмдэглэж байна. Энэ талаар та ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэм НҮБ-ын дипломатын бага хурлаар 1998 оны долдугаар сарын 17-нд батлагдаж, 2002 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор Нидерландын Хаага хотноо байнгын ажиллагаатай шүүх үйл ажиллагаагаа эхэлж, төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүх олон улсын эрх зүйн үндэс тавигдсан. Монгол Улс Ромын Дүрэмд 2000 оны арванхоёрдугаар сарын 29-нд нэгдэн орж, 2002 оны дөрөвдүгээр сарын 11-нд соёрхон баталж, мөн оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор хамтран ажиллах, түүнийг заалтыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс тавигдсан байдаг. В.Путин Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголд айлчлах урилга авсны дараахнаас дээрх асуудлаар гадаадын хэвлэлүүдэд бичигдэж эхэлсэн л дээ.
Владимир Путин бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орны нэг ОХУ-ын төрийн тэргүүн. Гэхдээ аль ч улсын төрийн тэргүүн 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу халдашгүй дархан эрх ямба эдэлнэ.
Аливаа улсын төрийн тэргүүн “дипломат төлөөлөгчийн нэгэн адил халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж болохгүй. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна” гэж Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасан байдаг. Тиймээс Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр бүрэн эрх нь хэрэгжиж буй төрийн тэргүүнд үйлчлэх эрх зүйн боломжгүй. Энгийн жишээгээр тайлбарлавал гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг баривчлах боломж хуулиараа байдаггүй. Халдашгүй, бүрэн эрх нь дуусгавар болсон, эсвэл түдгэлзүүлсэн тохиолдолд л шүүхийн шийдвэр хэрэгжих эрхзүйн боломж нь бүрддэг. Үүнтэй агаар нэг. Нөгөө талаар Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь албадлагын гэхээс илүүтэй зөвлөмжийн шинжтэй гэж ойлгогддог.
Ер нь тэгээд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-тэй, уламжлалт түнш хөрш орныхоо төрийн тэргүүнийг албан ёсоор урин залчхаад, ирэхээр нь баривчилна гэдэг нь дээд зэргийн ёс зүйгүй үйлдэл.
Ийм ёс зүйгүй үйлдлээс болж, дайн гарч байсныг дипломатын түүх маш тодорхой харуулдаг. Монголын дипломатын түүхэнд Их эзэн богд Чингис хаан журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээж Сартуул иргэн буюу Хорезм руу худалдааны элч төлөөлөгчдийг илгээхэд тэднийг баривчлан хөнөөж ёсгүй аашилснаас шалтгаалж, дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн байдаг. Монголчууд эв найртай харилцаа тогтоохыг хүсэмжлэн “алтан аргамж” хэмээн ихэд чухалчлан дипломат элчийг довтолгож байсан нь зөөлөн хүчний бодлогын тод илрэл байсан. Дорно дахины уламжлал ёсоор элч гэдэг нь хүндэт дээд зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг баривчлах, хороохыг хамгийн бузар үйл гэж үзэж үүнийг хэзээ ч өршөөдөггүй байсан. Элч нарыг хөнөөсөн хотуудыг монголчууд "догшин хот" гэж нэрлэж байсан гэдэг. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилёв тайлбарласан байдаг л даа.
-ОХУ-ын одоогийн байдлыг та олон улс судлаачийн хувьд ямар түвшинд байна гэж тодорхойлох вэ?
-Орос хамгийн өндөр худалдан авах чадавхтай, 600 тэрбум ам.доллараар хэмжигдэх Европын эрчим хүчний зах зээлээ эгнэгт алдсан болов уу. Бүр 2022 оны аравдугаар сард ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдэхдээ, тус улс ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсноо зарласан. 2023 оны нэгдүгээр сарын сүүлчээр европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррел европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс бүрэн хамааралгүй болсон гэж мэдэгдэж байсан. Кремлийн эзэмшдэг хийн аварга магнат Газпром хувьцаат нийгэмлэг 2023 онд 629 тэрбум рубль буюу 6.9 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь 20 илүү жилийн хугацаанд буюу В.Путины засаглалын жилүүдийн анхны томоохон алдагдал болсон. Оросын байгалийн хий, газрын тосыг Хятад, Энэтхэг хоёр дээд зэргийн хямд үнээр авч байна.
Украин энэ дайнд асар их хохирол амссан, бараг нэг их наяд ам. доллараар хэмжигдэж байгаа болов уу.
Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулсан үндсэн шалтгаанаа анхлан Зүүн Украин дахь орос иргэдийн аюулгүй байдлыг хангах, НАТО-гийн Дорно зүгт тэлэх үйл явцад анхааруулга өгч, зогсоох, Украиныг олон улсын эрхзүйн дагуу төвийг сахисан статустай болгох зорилготой байсан. Гэвч Оросын зэвсэгт хүчин 2024 оны долдугаар сарын албан бус мэдээллээр 550 мянган хүн хүчний хохирол амсч, НАТО-гийн шинэ гишүүн Финландтай 1340 хил км нутгаар шууд хиллэх болж, Өрнөдийн эдийн засгийн 13 багц хоригт орж, 2024 оны наймдугаар сарын 2-ны байдлаар 606.1 тэрбум ам. долларын гадаад валютын нөөцийн тэн хагас нь царцаагдаж, эхний ээлжинд түүний 3/1 хувийг Украины сэргээн босголт, зэвсэг техникийн тусламжид зарцуулах шийдвэрийг Еврокомисс, АНУ-ын конгресс гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт бүхэлдээ Оросоос гарч, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон асуудал тунаж хуримтлагдаж ирснээс гадна аж үйлдвэрийн салбар нь асар хүчтэй цэрэгжиж байгаа. Эдийн засгийн өсөлт цэргийн аж үйлдвэрийн салбарт маш сайн байгаа бололтой. Хэт авианы дуунаас хурдан гэгдэж буй “Кинжал” пуужингийн өртөг 10 сая ам.доллар, “Циркон” пуужин 210 сая доллараар хэмжигдэж байгаа юм байна. Эдгээрийг нэг л харвахад дурдсан мөнгө шатаад дуусч байсан гэсэн үг л дээ. Хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил байгаа юм байна.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл хумигдаж байгааг гадаад шинжээчид тэмдэглэж байна. Иргэд нь олон улсын спорт, урлагийн тэмцээнд оролцох боломжгүй болсон.
Нөгөө талдаа худалдаа, эдийн засаг, санхүү, зээлийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай болсоор байна. Эцсийн бүлэгт Оросын Украинд эхлүүлсэн цэрэг дайны ажиллагааны үр дүнд ОХУ-ын үндэсний аюулгүй байдал баталгаажиж чадсан уу гэдэг асуулт хариултаа хүлээж байгаа болов уу.
В.ПУТИНЫ ЭНЭ УДААГИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ “НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ 5, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙТОЙ ДАВХЦАЖ БАЙНА
-В.В.Путин нөхцөл байдлаас хамаарч төрийн айлчлалын тоогоо харьцангуй цөөлсөн. Гэхдээ Халх голын 85 жилийн ойг хүндэтгэн ирж байгаа нь агуулга, зорилгын хувьд өөр байж болох уу?
-В.Путины энэ удаагийн төрийн айлчлал нь Халх голын хамтын ялалтын 85 жилийн түүхэн ойгоос гадна “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсны таван жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойтой давхац байгаа явдал юм. Владимир Путины энэ удаагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал нь Украинд цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш зохион байгуулж байгаагаараа онцлог.
Оросын дотоодын зарим хэвлэлүүдэд Курск мужийн нэлээд хэсэг Украины хяналтад орсон байхад В.Путин санаа амар Чеченийн Бүгд найрамдах улс, Азарбайжанд айлчлал хийгээд явж байна гэсэн шүүмжлэлүүд гарч байна билээ.
ОХУ хэдхэн хоногийн өмнө Курскийн зарим хэсгийг хяналтдаа оруулсны хариуд Украинд дайн эхэлснээс хойшх 2.6 жилийн хамгийн том агаарын цохилт өглөө. Миний хувьд ардаа асар том асуудалтай байгаа ч Халх голын хамтын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд В.Путин ихээхэн ач холбогдол өгч байна гэдэг үүднээс харж байна.
-Айлчлалын товлолт хугацаанд В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзана гэдгийг дурдсан. Тэгвэл энэ уулзалтуудаас гэрээ, хэлэлцээ хийгдэх төсөөлөл бий юу?
-Өнгөрсөн долдугаар сард Казакстаны Астана хотноо болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын удирдагч В.Путинтай уулзах үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцсан. Энд онд багтаж Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурж чадвал Монголын мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир болон олон нэрийн бүтээгдэхүүнд ногдох татвар буурах зарим нь тэглэгдэх учиртай. Эсрэгээрээ ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүн Монголд татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Оросод суралцах монгол оюутнуудын квот хамгийн том нь буюу 620 болж нэмэгдэхээр болсон.
Энэ онд Оросын талаас 10 сая тун шүлхийн вакцин, хонины салхин цэцгийн эсрэг эм арилжааны үндсэн дээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. ТЭЦ-3-ийн шинэчлэл, хос төмөр зам, эдийн засгийн зүүн, баруун коридор болон Эгийн голын УЦС-ын тухайд хамтрах зэрэг асуудал яригдах болов уу.
Айлчлалын тов гарч хугацаа бага байсан учраас санамж бичиг, гэрээ хэлэлцээрүүдийн бэлтгэл ажил хэр хангагдсан бол гэж бодож байна. Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл одоо Монголоос шалтгаалахгүй болсон. Орос, Хятад хоёр үнийн асуудал дээрээ тохирох л үлдсэн болов уу.
-Хэрэв айлчлалын үеэр шатахуун болоод эрчим хүчтэй холбоотой гэрээ, хэлэлцээр хийгдвэл олон улс үүнийг юу гэж дүгнэх бол?
-Хоёр улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улсууд. Хоёр талт хамтын ажиллагааны аль ч асуудлаар хэнээс хамааралгүйгээр гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй. Нөгөө талд Монгол Улс, ОХУ-ын хооронд өрнөж байсан яриа хэлэлцээ, байгуулагдаж байсан бөгөөд байгуулагдаж буй ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрт гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн, түүний эсрэг чиглэсэн ямар ч үг өгүүлбэр, гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй бөгөөд тийм эрх зүйн боломж ч байхгүй. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хоёр хөрштэй харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ярих үед байнга Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяаг хөнддөг.
Монголчууд ардчилал, сайн засаглал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, зах зээлийн зарчмаас ухарсан тохиолдолд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяа хамгийн том сорилттой тулгарна.
Монгол Улс Украинд түрэмгийлсэн Оросыг буруушаасан 2022-2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 6 удаагийн тогтоолын төсөлд “түдгэлзсэн” санал өгч байсан. Санал хураалтад оролцоод “түдгэлзсэн” санал өгч байгаа нь өөрөө идэвхтэй гадаад бодлогын илрэл болдог. Санал хураалтад хэсэг улс байнга оролцоогүй. Энэ бол ажлаа тасалсантай агаар нэг үйлдэл. “түдгэлзсэн” байр суурь бол “бие даасан байр суурь” баримталж байгааг харуулж буй хэрэг. Тухайн үед Монгол Улс санал хураалтад “түдгэлзсэн” санал өгч байсныг “гуравдагч хөрш”-ийн бодлогоос ухарсан, Өрнөдийн эдийн засгийн хоригт орох боломжтой мэтээр аль нэг улс гүрний нэрийн өмнөөс монголчууд өөрсдөө тайлбар хийж байсан нь үнэхээр зохисгүй үйлдэл байсан. “Гуравдагч хөрш”-ийн бодлого бол хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого биш. Энэ бодлого нь ардчилал, сайн засаглалыг цогцлоох, зах зээлийн тогтолцоог төгөлдөршүүлэх, үндэсний хөгжлийн ахиц дэвшлийг эрчимтэй урагшлуулах чиглэлд өрнө, дорнын өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай бүх салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай л асуудал юм.
3,608.65





















































Холбоотой мэдээ