niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:34 UTC Эх: https://news.mn/r/2747228/ d5b9a191a9ac3eaf… ← niitlelch.mn руу буцах

Их хотын “зангууны үлгэр”

Хуучирсан мэдээ: 2024.08.29-нд нийтлэгдсэн

Их хотын “зангууны үлгэр”

Их хотын “зангууны үлгэр”

ЭХЛЭЛ

Улаанбаатар хот хавар, зундаа үер усны аюул, намар өвөлдөө авто замын түгжрэл, утаа униарын зовлонгоор эргэх дөрвөн цагийг хэмжээд багагүй хугацаа өнгөрчээ. Нийслэлийн Засаг даргаар очиж буй хүн болгон энэ асуудлуудтай шийдвэртэй тэмцэхээ илэрхийлдэг боловч ажлаа хүлээлгэн өгөхдөө бүтэн нэртэй үлдсэн нь лав алга. Улаанбаатар хотын иргэд ч шинээр дарга томилогдох бүрд горьдлогын нүдээр харсаар залхах маягтай болов.

Арван жилийн өмнө Э.Бат-Үүл баатар ч метро ярьж байлаа. Агаарын дүүжин тээврийг С.Амарсайхан амлаж аваад бас л алга болгосон. Хотын даргаар намчин, цүнхчин очсон ч адил, баатар улстөрч, нөлөөтэй хүн очсон ч адил байдаг шалтгаан нь тэгвэл юу вэ. Магадгүй, асуудлын гол нь хотын дарга нартаа биш юм биш үү гэдэг өнцөг гарч ирж байна. Магадгүй шүү.

ХОТЫН ЗОВЛОН ХААНА, ХААНА ХУВААГДАВ

Өнөөдрийн Улаанбаатар хотын гол зовлонг агаар болоод хөрсний бохирдол, замын түгжрэл, төлөвлөлтгүй барилгажилт гэсэн дарааллаар эхлүүлж таарна. Хэдийгээр үер усны аюул байгаа боловч Сэлбэ голын эхэнд хиймэл нуур байгуулж ус хуримтлуулсан, Сэлбэ, Дунд голын даланг цэвэрлэсэн зэргээс шалтгаалаад өнгөрсөн жилтэй харьцуулахад айл орон, орон сууц живсэн тохиолдол гайгүй өнгөрлөө. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч нэг үеэ бодоход сугалаандаа тулчихалгүй байдаг болж. Гэхдээ л үндсэн асуудлуудын дийлэнх нь хэвээрээ байна. Харин энэ бүхэнд хариуцлага хүлээх ганц газар нь Улаанбаатар хотын захиргаа байх уу гэвэл тийм биш юм аа.

Тухайлбал, нэгэн цагт Улсын Ерөнхийлөгч удирддаг байсан Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо өдгөө Эрчим хүчний яаманд, харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Байгаль орчны яаманд харьяалагдаж байна. Утаа их байгаа шалтгаанаар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасанг огцруулсан явдал ч үүнтэй холбоотой. Харин дараа нь Эрчим хүчний сайд байсан Н.Тавинбэхийг  “Сайжруулсан түлшний дээжинд хийсэн шинжилгээний хариуг зарласангүй” гээд цоллоод байсан даа. Сайд нарын дундуур хотын дарга ч бас сошиал дайралтад байнга өртөөстэй явдаг. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй ийм нөхцөл дунд агаар, орчны бохирдлын асуудал хаягдаж ирэв.

Мөн авто замын түгжрэлийн асуудал байна. Гудамж талбайг өргөсгөх, гүүр зам хийх ажил жишээ нь Эдийн засаг, хөгжлийн яаманд хамаараад явчих нь бий. Санаж байвал арваад хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар “Манай Эдийн засаг, хөгжлийн яамны нөхөд Улаанбаатар хотын зарим гудамжийг өргөсгөх зураг төсөл хийлгээд, тэр төслөө хариуцна гэдэг юм яриад байгаа. Шулуухан хэлэхэд онигоо байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулаад өндөр дүн, нарийн үзүүлэлт ярих ёстойгоос Чингэлтэйн өргөн чөлөөг өргөсөх үү яах уу гэдгийг яам хариуцахгүй. Энэ бол маш том тэнэглэл” гэж мэдэгдэж байлаа. Барилга байшин барих зөвшөөрөл, хүлээж авах комисс, стандартын асуудал ч Барилга, хот байгуулалтын яаманд хамаардаг. Өдгөө өрнөөд байгаа замын бродюрын хэрүүл ч ийшээ чиглээд явчихна. Барилга, хот байгуулалтын сайд, Зам тээврийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Авто замын бетон болон төмөр бетон хашлаганы MNS 0842 : 2006 гэдэг стандарт бий. Энэ стандартаар замын гадаргаас дээшээ 15 см өндөр бродюр байх ёстой. Замыг шинэчлэн хучиж 5-7 см асфалтаар өндөрлөлөө гэхэд дагаад бродюрыг нь солих болчихоод байгаа аж. Х.Нямбаатар “Энэ стандартыг солиод өгвөл бид заавал давсанд идэгдээгүй бродюрыг солиод байх шаардлагагүй. Харин ч цаг хугацааны хувьд зам хучих ажил хурдтай явагдах л ийм л нөхцөл байдал байгаа гэдгийг хэлье” гэж чуулган дээр хэлж байна лээ.

Хотод амьдарч буй хүн бүхэн өөрт тулгарсан асуудалдаа гарц шийдэл хайхдаа Улаанбаатар хотын захиргаанд хандаж таарна. Гэтэл тэнд байгаа дарга нар нь яамдад ханддаг. Яамд нь янз бүрийн намын харьяанд нэг нэгнээ тээглэсэн хэлбэрээр оршоод эхэлсэн. Ийм байдлаар ирэх өвөл ч бахь байдгаараа л байж таарах гээд байна.

ХУЛГАЙГ ЗОГСООХ, АЖ АХУЙН ЭРХИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ

Хот зөвхөн эрх мэдлийн хүрээнд хүлээтэй байгаад хөдөлж чадахгүй байгаа гэвэл өрөөсгөл болно. Хулгайн зуд ч давхар олон жил нүүрлэсэн газар.

Саяхан мэдээллийн сайт дээр гарсан нийтлэлд дурдсанаар бол бродюр солих, замын хучилтын ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Ганболдтой холбоотой байж мэдэх хэдхэн компани халаасалдаг талаар дурдсан байна. Д.Сумъяабазарын менежер байсан шүү дээ.

Саяхны явдал байгаа биз. Эртнээс нааш хотод газрын наймаачид, сэтгэлгүй дарга нар байна гэдэг асуудал хурцаар тавигдсаар ирсэн. Тод жишээ нь Т.Бадамжунай гэж хүн бий. Гадаадад хүртэл зугтаж явсаар одоо баригдаж ирээд байгаа. Хэргийг нь шийдэх гэхээр өчнөөн жилийн өмнөх явдал болчихоод байдаг. Тэгэхээр тэндээс энэ хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод үүрлэсэн улстөр, бизнесийн бүлэглэл үнэхээр дураараа туйлсан гэсэн үг. Тэдний тарьсан гайг нэг эсвэл хоёр жилийн дотор бүрэн арилгана гэхэд үнэхээр хүнд байж таарна. Учир нь Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж буй аварга хот. Энд нэг асуудлыг шийдэхэд л нижгээд зардал гардаг юм. Тийм ч учраас 30 жил цугларсан зовлон байгаа бол ядаж 15 жилд хувааж нимгэлнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ танил талаар ажил авдаг байдлыг ч таслан зогсоох учиртай.

Ингэхдээ бичвэрийн дунд дурдаад өнгөрсөнчлөн аж ахуйн эрх мэдлийг ч төвлөрүүлэх шаардлага байна. Талаар нэг цацсан шагай шиг байсаар байвал үр дүн гарахад хүнд байх нь дамжиггүй. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороодыг Улаанбаатар хотын харьяанд оруулах, бүтээн байгуулалтын ажлуудыг дангаараа бие даан удирдах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг өөрсдөө мэдэж зарцуулах эрхийг нээх асуудлууд бий. Ингэж байж нэг удирдлагаар асуудлыг шийдэх, эргээд иргэд ч хариуцлага нэхэх бүрэн боломжтой болох юм. Харин өнөөдрийн хэвээрээ байсаар байвал зангууны үлгэрээ ярьсаар л байх биз ээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж