niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:35 UTC Эх: https://news.mn/r/2747052/ 18ec3076f42ea640… ← niitlelch.mn руу буцах

Сангийн сайдын дабль стандарт!

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Сангийн сайдын дабль стандарт!

Сангийн сайдын дабль стандарт!

Л.Оюун-Эрдэнийн сангийн авдрыг хоёронтаа сахиж суугаа Б.Жавхланд анд нөхөд нь ам муутай байх болсон. Өмнөх парламентын үед Ц.Даваасүрэн түүнийг Сангийн сайдаас нь огцруулах шаардлага хүргүүлж байсан агаад "Төрийн сан, төрийн банк болгонд Б.Жавхлан гар дүрэх болсон" хэмээн буруутгаж байлаа.  ЖДҮ, Хөгжлийн банкнаас, төрийн сангуудаас хамаарал бүхий компаниудаараа зээл авч, "Жет финанс" банк бусаараа угаасан гэх мэдэгдэл хүртэл хийсэн. Ц.Даваасүрэнгийн хувьд  ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Сангийн сайдын сул тал дээр тоглолт хийсэн. Тэгвэл өнөөдөр тэдний нэг нь УИХ дахь Төсвийн байнгын хороог ахлаж, нөгөө нь Сангийн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашч буй юм. Ц.Даваасүрэнгийн амыг албан тушаал, ашиг сонирхлоор нь хаасан ч Б.Жавхлангийн дараагийн дайсан нь хэдийнэ тодорсон. Хуучин засагт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 10 сар ажилласан Б.Энхбаяр албан тушаалгүй үлдсэндээ ч тэр үү, Ардын намынхандаа ч гомдсон уу ааш муутай байх болсон. Тиймдээ ч намын нөхдийнхөө "улыг" ухаж, УИХ-ын чуулган дээр ил тод шүүмжлэх болсон юм.

Тухайлбал, УИХ-ын чуулганы өчигдрийн /2024.08.28/ хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх үед Сангийн сайд Б.Жавхлан татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо услаж, төсвийн хөрөнгийг угааж байгааг буруутгасан.

Тэрбээр "Монгол Улс 2024 онд гадаадын өр зээлэнд 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Ирэх жилээс 400 орчим сая ам.долларыг гадагшаа төлнө гэж Сангийн сайд хэлсэн. 400 сая ам.доллар нь төгрөгөөр гурван  их наяд орчим гэсэн үг. Гэтэл үүний тайлан УИХ-д танилцуулагдахгүй юм байна.  Өмнөх парламентын хувьд мэргэшсэн нэг хулгайч байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт зарцуулагддаг байсан. Тэрийг нь Монголын татвар төлөгчид төлдөг. Тэгвэл энэ байдал Сангийн сайд Б.Жавхлан дээр ч илэрч байна. Б.Жавхлан Дархан-Уул аймагт 30 сая ам.доллараар эмнэлэг барьж байгаа. Энэ санхүүжилтийг УИХ-аар хэлэлцүүлдэггүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад ч тусгаагүй.  Ямар давуу эрхтэй болоод Сангийн сайд 100 тэрбумаар тойргоо услаж байна вэ" хэмээн бухимдсан.

Өмнөх парламентад  Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр хоёр байнгын арсалддаг байсан. Тэдний муудалцах гол шалтгаан нь 2.8 тэрбум долларын өртөгтэй LRT төсөл байв. Уг төслийг  төсөвт суулгахыг Б.Энхбаяр дэмжиж, Ч.Хүрэлбаатар эсэргүүцсэнээс болж хонь, чонодоо тулсан. Б.Энхбаярын хувьд одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай мөн таарамж муутай, түүнийг ногоон автобус, нүүрсний хулгайтай холбоотой гэх утгатай мэдээлэл хийж байсан удаа бий.

Их мөнгөний хуваалтаас хоосон үлдсэн парламентын гишүүд ууртай, хүний өөрийнгүй засгийн сайд нарыг намнах болсон. Мэдээж унасан бөх ууртай. Харин засгийн сайд нарын хувьд, хулгай, луйвраа хязгаарлахгүй бол сууж буй сандал ширээ нь тун чиг хэврэгхэн болсныг сануулъя. Б.Жавхлангийн хувьд хоёр удаа Сангийн сайд болсноо "ховхордоггүй суудал" гэж бодоогүй л байлтай, шүүмжлэл, саналаа хэлсэн гишүүд эрэлхүү, ихэрхүү хандлага, харилцаа гаргадаг болсон нь илэрхий харагдсан. Сангийн сайд гэдэг эрдэнэсийн авдрын эзэн биш. Анд нөхөд нь хүртэл  албан тушаалаас нь авч хаях аян шалтаг хайгаад сууж байгааг албан тушаалдаа "цадсан" сайд нарт анхааруулчихад буруудахгүй биз ээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж