niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:01 UTC Эх: https://news.mn/r/2746939/ 9ad6e8fabdcfdb64… ← niitlelch.mn руу буцах

Соцдекуудын сонгодог зодоон…

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Соцдекуудын сонгодог зодоон…

Соцдекуудын сонгодог зодоон…

Өөр өөрийн ашиг сонирхлоос бүрдсэн өнөөдрийн намчдын огтолцох цэг нь Засгийн газрын хэрэгжүүлэх хөтөлбөр болов. 120 их наядаар тооцогдох зардалтай төсөл хөтөлбөрийг хэн, хэрхэн хэрэгжүүлж, түүнээс ямар хэмжээний ашиг олох вэ гэдгийг энэ өдрүүдэд шийдэхээр хөнжил дотроо хөлөө жийлцэж байна. Энэ их мөнгөний төлөө гурван намынхан саад тушаа болох хууль, журмын өөрчлөх байдлаар замаа засч, жолоогоо атгахаар төслүүдээ боловсруулсан нь тойргийн гадна үлдэгсдэд таалагдсангүй. Тиймээс ч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулснаас хойш 13 дахь өдөртэйгөө золгов. “Байр сууриа нэгтгэх шаардлагатай” гэж балай тайлбарын цаана хэнд хэрхэн хүртээхээ тохирох тухай асуудал болохоос улс орны эрх ашгаа нэгт тавьсан явдал огтоос биш. Энэхүү хөтөлбөрөөр 577 багц үйл ажиллагаатай төслийг хэрэгжүүлэхдээ нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулна. Үүнтэй зэрэгцүүлэн төсвийн тодотгол хийхдээ холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна.

Үүний баталгаа нь …шинэлчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй… гэх өөрчлөлт. Тендерийн хуульд ийм өөрчлөлт оруулаад төрөөс угжуулж байдаг том нэртэй том “хулгай” хийдэг компаниудыг ногоон гэрлээр оруулж ирнэ гэсэн үг. Мухар төмөр зам барих, ногоон автобус авахдаа төрийн нууцад оруулж байгаад хулгай хийдэг цаг өнгөрчээ. Ийнхүү шинэ цагийн том гарууд хууль ёсны хулгай хийх тухай ярьж байна.

Түүгээр зогсохгүй “өндөр чадамж бүхий аж ахуйн нэгж” гээчийг салбарын сайд нь сонгон шалгаруулах тухай ч өөрчлөлт бий. Хэрэвзээ тухайн төсөл хөтөлбөрийг хувийн аж ахуйн нэгжүүд хийхээс татгалзвал төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэх гээд байж болох бүхий л нөөцөө ашиглан маш их хэмжээний мөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр захиран зарцуулах тухай ярьж байна. Засгийн газар хууль тогтоогчдоор өрийн таазыг үгүй хийлгэж, хоёр төсөвтэй болгож, хуулийн хоригийг бүгдийг нь үгүй хийлгэн дараагийн тонуулыг хийхээр хичээж буй аятай ийнхүү зүтгүүлэв.

НОЦСОН, НОЦУУЛСАН МАНИСТУУД

“Цэнхэрлэн харагдах уулс” дууны,
-Асарлан харагдах уул нь
Алим жимстэй уул байна аа хө… гэх бадгийг МАН-ын сайд нар амандаа аялаад сүйд. Монголын түүхэнд хамгийн томоор тодорсон нүүрсний хулгайн 40 их наядыг гурав дахин нугалсан хэмжээний мөнгөнөөс аль чадлаараа аваад амьдарч болох болохоор тэр. Харин төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэх гэж байна гэж шүүмжлэгчид бас ч гэж найдвар үлдсэн мэт итгэл төрүүлж байгаа ч цагаан ордондоо шөнийн цагаар хийж буй уулзалтуудаас харвал тэд байр сууриа удаан хадгалахгүй бөгөөд “татгалзахын аргагүй санал” тавьж буй тухай дуулдана.

НАНЖИЛДСАН, НАМЖИРДСАН АН

-Цэнхэрлэн харагдах уул нь ээ
Чандмань эрдэнийн маань уул байна аа хө
Цэцэрлэгт сайхан ууландаа
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө… гэх бадаг тэдэнд яг тохирно. АН өөрсдийгөө баруунтнууд гэдэг. Гэхдээ энэ нь хэзээ өөрсдөд нь байгаагүй үзэл санаа бөгөөд тэдний өнгөрсөнд, өнөөдөрт хийж буй үйлдэл, шийдвэрүүд нь үүнийг үгүйсгэдэг. Данхар төр, төрийн оролцоог хумиж, жирийн бизнес эрхлэгчдийн нурууг тэнийлгэх тухай, төрийн албыг цомхон болгох тухай, бизнесийн орчныг сайжруулахын төлөө төрийн элдэв хүнд суртлыг үгүй хийх тухай ярьж явсан Л.Гантөмөр өнөөдөр татвараар алагчлах тухай яриад сууж байгаа төдийгүй засгийн хөтөлбөрийг цээжээрээ хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн байна. Гудамжинд найман жилийг өнгөрөөхдөө өлсөж, цангасан гэж жигтэйхэн. Өөрсдийн үзэл баримтлалынхаа яг эсрэг тэд зогсч байна. Золоор үүнийг нь эрүүл саруулаар шүүмжлэх гишүүд байгаа ч тэд хэтэрхий цөөдөх аж. Ардчилагчдын дийлэнх нь анхнаасаа зүүнтнүүд байсан бөгөөд тэдний дотор цөөхөн баруунтнууд байж, олонхын дарангуйлалд дарлуулсаар иржээ. Тэдний зэс цухуйсаар социал демократ/ардчилсан социалистууд/ гэдэг нь улам бүр тодорсоор байна. Хичнээн гоёор өөрсдийгөө будаж, өнгөлөн далдлалт, өргөмжлөл бэлгэдэл барилаа ч тэд зүүнтэн болохоо хангалттай харуулав. Ганц үнэн гэвэл тэдэнд үзэл санаа ч бус, амин ашиг сонирхол үнэтэй болсныг өдөр өнгөрөх тусам та харах нь дамжиггүй.

Хөгтэй, хөөртэй ХҮН НАМ…

Нарс хайлаа хоёр нь ээ хө
Навчаа дагаад гандлаа даа хө
Наалинхай хоёр хүү чинь хө
Насан туршдаа жаргана даа хө… гэж ХҮН намынхан жарганхан дуулмаар байгаа нь лав. Төсвийн хулгайг шүүмжилж асан ХҮН намын дарга данхар засагт давхар дээл өмсүүлэхдээ хэн гэдгээ харуулсан. “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо баярлаад сүйд” гэдэг шиг МАН-ынхан түүний гараар могой бариулахдаа мөн чиг тохуурхаж суусан нь гарцаагүй. Үүнийхээ хүчинд ч тэд өнөөдөр хамтарсан засагт толгой хоргодох хэмжээний суудалтай болжээ. Тэдний өөр олон зүйлийг дурдаж болох ч энд бичсэн эс бичсэн ч тэд социал демократууд гэдгээ хоног өнгөрөх тусам хангалттай харуулж буй болохоор орхиё.

Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй болгож байна.

Зодооны дүрэм

Энэ зодоон намуудын хооронд бус дотор өрнөх учраас чоно цатгалан, сүрэг бүрэн үлдэнэ. Харин аль болох хурдан, ил цагаан өрнөн Монголд төдий чинээ ашигтай. Эцэстээ хамтарсан засаг хөгжилд хөтлөхгүй нь боловсруулсан гоё төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх аргаас нь тодорхой болчихлоо. Энэ зодоон тэгш эрх, улс орны хөгжил, ужиг болсон асуудлаар ашиг хонжоо хайгчдын түрүүлж илүү ихийг завших гэсэн тэмцэл… Өөр юу ч биш.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж