niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:30 UTC Эх: https://news.mn/r/2901799/ ca6f69f7d876cff4… ← niitlelch.mn руу буцах

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нарын зочидтой цаг үеийн болоод тулгамдаж буй асуудлуудаар ярилцлаа. Мөн “Sistabraids” студийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа, “Дакар 2026” залуучуудын олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 15 настай Б.Оргилмаа нартай амжилтын замналынх нь талаар сонирхолтой яриа өрнүүлэв.


МОНГОЛД УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ЗАСАГЛАЖ БАЙНА

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нэр төрөө сэргээлгэхээр төрийн тэргүүний ажлаа өглөө.  Ингэснээр богино хугацаанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүсч байна. Хууль эрх зүйн хувьд, Ерөнхийлөгчийн институцийн хувьд ч анх удаагийн тохиолдол болоод байна?

-Тийм. 1992 оны Үндсэн хуулийн тогтолцоонд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн анхны тохиолдол. Үндсэн хуулийн 37.2-т ийм нөхцөлд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлж, УИХ дөрвөн сарын дотор ээлжит бус сонгуулийг зарлан явуулахаар заасан. Энэ удаа УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн. Цэцийн дүгнэлтэд үндэслэн огцруулах ажиллагааг Үндсэн хуулийн 35.2 тусад нь зохицуулдаг. Бас нэг онцлох зүйл нь Ерөнхийлөгчийн зүгээс шалгуулахын тулд огцрох ёстой гэдэг нь өөрөө буруу жишиг гэдгийг тодотгож хэлмээр байна. Ер нь ямар ч албан тушаалаа өгсөн хүний шийдвэрийг улс төрийн хариуцлага гэж үнэлж болно. Харин тэр хүн ажлаа өгөх хүртэл шалгалтаа явуулж чадахгүй байсан бол бид албан тушаалынх нь өмнө хууль яагаад зогссоныг ярих ёстой. Солонгос, Япон, АНУ зэрэг орны туршлагаас авах зарчим нь өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг хэн, ямар журмаар шалгахыг урьдчилан тогтоож, шалгалтыг тухайн хүн огцорч шалгуулах эсэхээс үл хамаарч явуулдаг. Шүүх гэм бурууг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Албан тушаалаа ашиглан баримтад нөлөөлөх бодит эрсдэл байвал хуульд үндэслэл, журам нь тогтоогдсон нөхцөлд бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ байж болно. Үндэслэл нь арилбал албаа үргэлжлүүлэн хаших боломжтой байх учиртай. Ерөнхийлөгчид ийм зохицуулалт хэрэглэх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдэх ёстой. Шалгалт эхэлмэгц суудлаа бүрмөсөн алдах жишиг тогтвол үндэслэлгүй мэдээлэл ч сонгогчдын өгсөн мандатыг дуусгах улс төрийн хэрэгсэл болж мэднэ. Өөрөөр хэлбэл, үнэхээр хууль засагладаг бол эрх мэдэлтэй хүнийг албан тушаалдаа байхад нь ч шалгаж чаддаг, хариуцлага тооцож чаддаг, шалгаж байхдаа ч эрхийг нь хамгаалдаг байхыг хэлнэ. Энэ бол хариуцлага, хүний эрх хамгаалал харилцан үйлчлэх эрх зүйн зарчим.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ИРЭХ ЖИЛЭЭС НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТӨЛӨХ ТАТВАР БУУРЧ БАЙГАА

Нийслэлийн 2027 оны төсвийг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва НИТХ-ын дарга Д.Ихбаярт өнгөрсөн Баасан гаригт /2026.11.20/ өргөн барьсан. Нийслэлийн төсөвт ямар томоохон ажлууд туссан, хотод тулгамдаж байгаа асуудлаар  Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа. 

-Нийслэлийн 2027 оны төсвийг боловсруулахдаа нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болсон байна. Хот бүсээ чангалахаар шийдээ юу даа? 

-Шинэ Засаг дарга ажлаа аваад найман сар болж байна. Засаг дарга 2027 оны нийслэлийн төсвийг хуулийн хугацаанд нь НИТХ-д өргөн барилаа. Улсын төсвийг бол хэлэлцээд баталсан. Монгол Улсын төсвийг 42 их наяд  төгрөгөөр баталсан. Ингээд төсөв баталснаас хойш долоо хоногийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг хүлээдэг. Ерөнхийлөгч улсын төсөвт хориг тавихгүй бол нийслэлийн төсвөө арваннэгдүгээр сарын 20-ны дотор өргөн барих ёстой. Энэ дагуу өнгөрсөн Баасан гарагт Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын даргад нийслэлийн төсвөө өргөн барьсан. Энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан. Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн төсөв 5.2 их наяд төгрөг байсан бол энэ жил 4.6 их наяд төгрөг байхаар төлөвлөж,  өргөн барилаа. Хуулийн хугацаа гэж бий. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Иргэдийн хурлын зөвлөл хуралдаад төсвийн эхний хэлэлцүүлэг хийх чуулганы товыг зарлана. Үүний наана мөн хороодууд болон намын бүлгүүд хуралдана. Энэ долоо хоног ерөнхийдөө хуралтай байна байх. Хуулийн дагуу нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж төсвөө батална.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ҮС СҮЛЖИХЭД МАШ ИХ ЦАГ ОРДОГ Ч ДОТООД МЭДРЭМЖИЙГ МААНЬ ХӨГЛӨДӨГ

“Sistabraids” студийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаатай ярилцлаа. Тэрбээр малзүйч мэргэжилтэй нэгэн хэдий ч өдгөө Монголд "braid" буюу үс сүлжих урлагийг түгээн дэлгэрүүлж, манлайлж явна. Эгчтэйгээ хамт үдэшлэгт явахдаа  африк маягаар үсээ сүлжиж гангарсан нь олны анхаарлыг татаж, гарын дүйтэй, аливаад эвсэлтэй охидод бизнесийн шинэ санаа төрүүлжээ. Ийн багадаа үйлэнд уран эмээдээ тусалж, монгол гутлын хээ угалз нааж өссөн эгч дүү гурав үс сүлжилтээр дагнасан студи нээн ажиллуулахаар шийджээ. Тэдний хажуу өрөөнөөс эхэлсэн бизнес хэрхэн өргөжсөн хийгээд хүн дотоод мэдрэмжээ сонсож, хийх ёстой зүйлээ олохын сайхныг хуваалцъя.

-Өөрийнхөө болон студийнхээ тухай манай уншигчдад танилцуулаач.

-2021 онд төрсөн хоёр эгчтэйгээ хамт үүсгэн байгуулсан. Анх бага эгчтэйгээ хамт үдэшлэгт явах гээд хоёулаа бие биеийнхээ үсийг ингэж сүлжихээр шийдсэн юм. Гэвч зөвхөн миний үсийг сүлжихэд 3, 4 өдөр зарцуулсан. Тэрнээс хойш хүмүүс фейсбүүк дээрээс зураг хараад “Ямар гоё юм бэ”, “Үсээ сүлжүүлье” гэж холбогдох болсон. Тэндээс санаагаа олж, ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох журмаар хийж эхэлсэн. 2023 оноос ажлаасаа гараад дагнаж хийхээр  шийдсэн. Нэлээд үйлчлүүлэгчтэй л болсон үе. Пэйж хаягаа нээгээд, төрсөн хоёр эгчтэйгээ хамт ажилдаа орсон доо. Нэрээ өгөхдөө нэлээд ярилцаад sista буюу эгч дүүс, braids буюу сүлжээс гэсэн үг оролцуулан бүтээсэн.

-Ер нь анх яаж сүлжиж сурсан бэ. Африк  маягийн үс сүлжээс бидний соёлоос хол зүйл шүү дээ?

-Яг  л өөрсөд дээр туршиж, дадлага хийсээр сүлжиж сурсан. Ютүбээс бичлэг үзээд, нэг нэгнийхээ үсийг сүлждэг байсан. Эгч угийг нь гаргаад, би үзүүрийг нь сүлжинэ гэх мэт. Тэгээд л хөгжүүлээд сайжраад явсан. Бага эгч маань Оросод сурч төгссөн, багш, сэтгүүлч мэргэжилтэй. Тэнд сурч байхдаа олон улсын оюутнаар анх үсээ сүлжүүлж үзсэн юм билээ. Тэгээд ирээд над дээр сүлжиж туршсан хэрэг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ОЛИМПЫН НЭЭЛТЭД ТУГ БАРЬЖ АЛХАХАД ДОТРООС ГАЛ АСАХ ШИГ БОЛСОН

Энэ жил 15 настай Б.Оргилмаа усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг бөгөөд саяхан Сенегал улсын нийслэл Дакар хотноо болсон “Дакар 2026” залуучуудын олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Тэрбээр тус наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүнтэй спортод хэрхэн хөл тавьсан, олимпын наадамд эх орноо төлөөлөх ямар байсан болон ирээдүйн зорилго, мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

-Усан спорттой холбогдсон түүхээсээ хуваалцаач. Анх хэрхэн энэ спортыг сонгож байсан бэ?

-Анх багадаа усанд сэлэх тийм ч дуртай байгаагүй. Ээж маань хичээл тарахаар байнга дагуулж явдаг, заримдаа загнаж байж л бэлтгэлд явуулдаг байсан. Би ч үнэхээр дургүй байлаа. Тэгээд цар тахлын үеэр бүр сэлэхээ больсон.Харин 2022 онд сургуулийнхаа шигшээ багт орсноор дахин сэлж эхэлсэн. Тэр үеэс усан спортоо улам сонирхож, яваандаа бүр их дуртай болсон.

-Яг хэзээнээс усан спортын тамирчин болно гэж шийдсэн бэ? Тэр шийдвэрт нөлөөлсөн ямар нэгэн үйл явдал байсан уу?

-2022 оны аравдугаар сараас хойш илүү эрчимтэй бэлтгэл хийж, спортоо их сонирхож эхэлсэн. Тэгээд арваннэгдүгээр сард анх удаа медаль авч байсан байх. Тэр медалиа авснаа сонсоод ээж, аав хоёр маань үнэхээр их баярласан. Би ч өөрөө маш их баярласан. Өмнө нь ийм амжилт гаргана гэж огт бодож байгаагүй болохоор бүр гоё санагдсан. Тэр үеэс цааш илүү их амжилт гаргахыг хүсэж эхэлсэн.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж