niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:00 UTC Эх: https://eguur.mn/704796/ 5ddf0c021bdddc2a… ← niitlelch.mn руу буцах
УЛС ТӨР

Тойм: Үндсэн хуулийн “үндэс”-ийг хөндөх үү, улстөрчийг тэтгэвэрт үдэх үү

Хаврын морин уралдааныг сэргээх, эсэх асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн "тоос"-нд дарагдаж, Үндсэн хуулийн хана хэрэм мэт заалт дунд толгойгоо гашилгасан гишүүд Төрийн ордоноор шогшсон долоо хоног өнгөрлөө. 

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхдөө дарж явсан хүслээ “ил” нэг хэлсэн байдаг. Үүнд нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард түмний санал асуулга, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль зэрэг орж байгаа. Тэгвэл зарим төрийн эрх мэдэлтнүүд Үндсэн хуулийг өөрчилж, улмаар засаглалын тогтолцооны шинэчлэл хийх чигийн "хөдөлгөөн"-д ороод байна. Уг нь У.Хүрэлсүхэд өөрийн санаагаа гүйцэлдүүлэх зургаан жилийн хугацаа байсан ч хэлсэн үгэндээ хүрдэг баатар болох гээд өөрийгөө хорьж явснаа ч үгээрээ илэрхийлсэн.

Үнэндээ Ерөнхий сайд Н.Учралын хөдөлгөөнийг тэр дэглэнэ гэсэн таамаг байгаа юм. “Том ах” дүү нартаа үүрэг өгсөн нь индэр дээрх “өөрчил, хийх цаг болсон” гэх үгс агаад түүний хугацаанаасаа өмнө зогсоолоо орхисон нь “эцэг хуульд гар хүрэх” зам байх ч талтай. Түүнийг албаа өгснөөс хойш зарим УИХ-ын гишүүн Үндсэн хууль нэг л болж өгөхгүй байгааг, Ерөнхийлөгчийн хууль ч бүтэхгүй байгааг ярьж эхэлсэн. Энэ мэт гэнэт сэрсэн юм шиг улстөрчид байна л даа.

Зарим нь бүр Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоо болиод парламентаас сонгодог болохыг ярьж байна. 

Монгол Улсынхаа төрийн тогтолцоог шүүмжлэх хэсэг байгаа ч хамгийн зөв зам гэх нь ч бий. Харин сонгуулийн тогтолцоог өөрчилж, 126 гишүүнтэй болсноороо олон талын байр суурь, үзэл бодлын ялгаатай байдал гарч, парламент жинхэнэ мэтгэлцээний талбар болно гэж байсан ч төдийлөн үр дүн харуулахгүй байгаа учир “УИХ тар” гэх хэсэг ч гарч ирж байна.  Баасан гарагийн (2026.11.27) УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Тогтолцооны шинэчлэлийг дэмжинэ. Парламентад суудалтай намууд зөвшилцөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхээ шийдвэрлэж болно” хэмээн илэрхийллээ. Эндээс Үндсэн хуулийг дахин өөрчлөх, парламентын засаглалыг хөндөх, эсэх нь цаг хугацааны асуудал болов уу гэж ухаж болохоор байна. 

 Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг гаргахгүй сунжрах, гаргалаа ч Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа учир араас нь гомдол тасрахгүй гэсэн Шадар сайд Н.Номтойбаярын болгоомжлол, Шадар сайд Т.Доржхандын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх 4 сарын л настай байна гэх байр суурь нь Үндсэн хуулийн "манаач" Цэцэд өнөөдөр тулаад дуусаж болох ч эцэг хуулийг өөрчлөх суурь дэвсгэрийг зассан хэрэг болох нь ээ. Т.Доржхандын хэлснээр Ерөнхийлөгчөөс айгаад үг дуугардаггүй гишүүд одоо л дуугарах хэрэгтэй юм байх. 

Энэ бүхний дундуур Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөгчид болох УИХ дахь АН-ын бүлгийн хоёр гишүүн гараасаа хөтлөлцөж байгаад Ерөнхийлөгч байсан хүнийг “Тэхийн зогсоол”-той болгох талаар хуулийн өөрчлөлтийг санаачлаадхав. Товчхондоо У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө бууж гишүүд “анх”-ны нэрийн дор идэвхтэй хөдөлж байна. Энэ нь нэг талаараа “оноо” авах тактик мэт. Угаас насан туршдаа цалин авдаг хүмүүс дахин төрд орж ирэх нь утга учиргүй тэмцэл шиг зүйл. Даанч амташсан хэрээ арван гурав дахина гэдэг үлгэрээр эрх мэдлийн оргилын хэн яаж ч бас мартаж чадах билээ. Цаанаасаа удирдах гээд, хөдөлгөх гээд зүгээр сууж чадахгүй биз. 

У.Хүрэлсүх нэрээ цэвэрлэхийн тулд ажлаа өгөөд шалгуулна гэсэн. Одоо шалгаж байгаа, шалгуулж байгаа талаар ямар ч сураг ажиг алга л байна. Үндсэн хуулинд гар хүргэх шалтаг шалтгаан гаргаж өгөхийн тулд л цагаасаа өмнө оргилоосоо хальсан байж таарах дүр зураг бас урган гарч ирээд байна.

УИХ-ыг тараах эрх Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчид байх ёсгүй гэж АН ахин дахин хэлээд байсан нь ч учир байгаагийн цондон болой. Явж явж Засгийн газрын тэргүүн Н.Учрал Үндсэн хуулийг өөрчлөх ажиллагааг зохион байгуулж магадгүй гэсэн сэрдлэг нийгэмд байгааг хүмүүс ярьж, бичиж эхэллээ. Үүний цаана Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн эргэн ирэхийн тулд зурсан зам зурайж, түүндээ зориулсан турхираан ч байхыг үгүйсгэхгүй.

Ардчиллын хараацайнуудын нэг Э.Бат-Үүл “Үндсэн хууль өөрчлөх яриа гарах бүрд цаана нь шинэ МАНАН байгуулагдсан байдаг. Засгийн тэргүүн Н.Учрал эрх мэдлээ ашиглан Ерөнхийлөгчөө ард түмэн сонгодог эрх мэдлийг МАН-ын даргад шилжүүлэх гэж байна” гэх байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн юм. Ер нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж асан зарим хүн "тэтгэвэр"-т гардаггүй, байнга төр рүү зүтгэдгийн учир хамгаалах ёстой үнэн гэхээс илүү итгүүлэх ёстой худал байдаг уу, үгүйсгэх аргагүй.

Д.ГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert