Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилов.
“Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого зорилтоо бодитой хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг батжуулан бэхжүүлэх нь чухал. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байж, яам, агентлагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хууль тогтоомж, бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт тавьж сайжруулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, төрийн бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд ЗГХЭГ манлайлан ажиллах үүрэгтэйг Ерөнхий сайд онцолж хэллээ.
Б.Бат-Эрдэнийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд олон жил ажилласан туршлага, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, удирдан зохион байгуулах чадавхыг харгалзан, энэ хариуцлагатай албанд томиллоо. Сайдын алба эрх мэдлээс илүү ажил хийж, асуудал шийдэх, төр улс, түмэн олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газрын гишүүдээс хэлсэн үг, хүлээсэн үүрэгтээ эзэн байж, Үндсэн хууль, танхимын зарчмаа сахин мөрдөж, ёс зүй, гүйцэтгэл, үр дүнгийн хариуцлагаа үүрч ажиллахыг хатуу шаардана гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн ерөнхий захирал, 2010-2011 онд “JCI Монгол” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга, 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2017-2020 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018-2019 онд ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2020-2022 онд ШӨХТГ-ын дарга, 2022-2024 онд БОАЖ-ын сайдаар ажилласан туршлагатай.