niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:01 UTC Эх: https://news.mn/r/2745965/ 7d585700b658620a… ← niitlelch.mn руу буцах

"Буяны зан үйлийг орчин үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2024.08.21-нд нийтлэгдсэн

"Буяны зан үйлийг орчин үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагатай"

"Буяны зан үйлийг орчин үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагатай"

Сүүлийн жилүүдэд зайлшгүй анхаарах, цэгцлэх хэрэгцээ шаардлага үүсээд буй асуудлын нэг нь оршуулгын зан үйл болоод байна. Хотжилт нэмэгдэж байгаа энэ үед нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэнд, байгальд ээлтэй байх зэргийг бодож, оршуулгын зан үйлийг орчин үетэйгээ зохицуулан өөрчлөх, хэрэгцээ шаардлага зайлшгүй үүсчээ. Хот суурин газар олшроогүй цаг үед хүн бүр, бурхан болоочоо хүссэн газраа оршоож ирсэн. Тиймээс  монголчууд өнөөдөр оршуулгын газартай хаяа залган амьдарч буй. Өдгөө нийслэлийг тойрсон 20 гаруй байршилд оршуулгын газар байдаг аж. Энэ нь хотын өнгө үзэмж цаашлаад байгальд, хүний эрүүл мэндэд гээд олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Тухайлбал нэг шарил, хөрсөнд задрахдаа 30 гаруй жил болдог аж. Монгол Улсын хэмжээнд оршуулгын газрын зориулалттай 1512 га талбай бүхий газар байдаг. Газрын тухай хуулиар газар олголтыг тухайн сум, дүүргийн Засаг дарга нар олгодог байна. Гэвч сүүлийн жилүүдэд буяны зан үйл хийдэг бизнесийн байгууллагууд олширсон нь оршуулгын газрыг тэлэхэд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Улсын бүртгэлд, оршуулгын үйлчилгээ эрхэлнэ гэсэн чиглэлтэй 69 компани хуулийн этгээд байгаагаас нийслэлд 30 орчим нь бүртгэлтэй байдаг аж. Үүнээс 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

 Энэ талаар “Буяны зан үйлийн холбоо” ТТБ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун "Монгол Улсын нийт хүн амын талаас дээш хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнийгээ дагаад нас баралт оршуулгын үйл ажиллагаа Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа.

Улсын хэмжээнд жилд 18 мянга орчим хүн нас барж байгаагаас нийслэлийн харьяалалтай найман мянга гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий.

Оршуулгын газрууд эзэнгүй, арчлалт хамгаалалт байдаггүй, үүн дээр ямар нэг зохицуулалт байхгүй. Тиймээс оршуулгын газрыг тонох, улмаар муухай харагдах, сэтгэлд сэвтэй, оршуулгын газар гэхээр айдастай, аюултай газар гэж ихэнх иргэд хардаг.

Гэтэл гадаадын улсуудад оршуулгын газруудыг илүү амар амгалан, тохитой, тайван, хүний сэтгэлийг тайвшруулах байдлаар зохицуулж, тохижуулсан байдаг. Харин Монгол Улсад энэ нь эсрэгээрээ байгаа юм.

Оршуулгатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Үүнд холбогдох байгууллага, хүмүүс анхаарах хэрэгтэй байгаа юм. Мөн Монголчууд И-Монголиа системийг өргөн ашигладаг болсон. Тиймээс үүнийг нас баралт, оршуулгын тэтгэмж, нийгмийн даатгал, оршуулга хийсэн газрын мэдээлэл, үйлчилгээ үзүүлсэн компанийн мэдээлэлтэй уясан сан үүсгэх хэрэгцээ байна. Монгол Улсын архивд, иргэний нас барсан тухай л мэдээлэл байхаас, яаж нас барсан, хаана ямар газар, хэрхэн оршуулсан зэрэг талаарх мэдээлэл огт байдаггүй. 10 жил 20 жилийн дараа үр хүүхдүүд нь шарилаа эргээд олдоггүй асуудал маш их.

Мөн нас барсны гэрчилгээг авах асуудал одоог хүртэл механик, явдал суудал ихтэй хэвээр л байна. Үүнийг цахимжуулж, иргэдэд илүү хялбар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгцээ зайлшгүй тулгарч байна.

Буяны зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд олширсон нь, оршуулгын газрыг тэлэхэд нөлөөлж байна. Тодруулбал, шинжээ нээх үед талийгаачийг оршуулах зүгийн асуудал гарч ирдэг. Энэ үед тухайн лам, өөрийн хамаарал бүхий оршуулгын газартай компанийг зааж чиглүүлдэг гэсэн гомдлыг иргэд ярьдаг. Тиймээс, зүг чигийн тухай нэгдсэн ойлголтыг олон нийтэд өгөх хэрэгтэй. Цаашлаад жижиг зан үйлүүд, байгальд яаж ээлтэй байх вэ, хэрхэн оршуулгаа хүндрэл бэрхшээлгүй, энгийн минимал хийж болох вэ, орчин цагтай яаж хуучны зан үйлийг уялдуулах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.

Далан давхрын оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд 2022 онд нийслэлээс, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл талаасаа тус газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг” байгуулах санаачилгыг гаргасан. Үүний хүрээнд тухайн шарил байсан газрыг бурхан болоочийг хүндэтгэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байгаа аж. Уг төсөл одоогоор нийт 70 га талбайн 10 га-д нь эхэлжээ. Эхний шатанд хоёр га талбайд тухайн талбайгаас гаргасан талийгаачдын чандрыг мөнхөлж байршуулан, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Цаашлаад дээр дурдсан 10 га талбайг тохижуулан, оршуулгын үйлчилгээний цогцолбор төв байгуулахаар төсөл санаачлан ажиллаж байгаа талаар “Буяны зан үйлийн холбоо” ТТБ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун хэлэв.

Буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг аж. Газар нутаг багатай орнуудын хувьд бараг 100 хувь чандарладаг байна. Үүнийг ч хууль, журамдаа нийцүүлэн зохицуулж өгсөн байдаг.

Оршуулгын ёслол бол тухайн улс орныхоо онцлог, уламжлалаас шалтгаалдаг ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа байгальд экологид ээлтэй хэлбэрийг сонгодог болсон гэнэ. Үүний жишгээр Монгол Улсад энэ чиглэлд хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж