Ирэх аравдугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуульд 15 нам, нэг эсвэл оролцохоор бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд орон нутгийн сонгууль багагүй өрсөлдөөнтэй болж магадгүй байна. Ялангуяа Монголын нийт иргэдийн талаас илүү хувь нь ажиллаж, амьдардаг нийслэл хотод аль нам ялахаас улаанбаатарчуудын аж, амьдрал хамаарах юм. Энэ удаагийн сонгуульд нийслэлд МАН-ыг Х.Нямбаатар удирдаж орохоор болсон. Тэрбээр сонгуулийн ажлаа аль эртнээс эхлүүлж, хотын даргаар томилогдсон өдрөөсөө бараг"бэлтгэлдээ" орсон гэхэд болно. Түүний хувьд зуны турш камерын өмнө ажлаа хийсэн нь нэг талдаа нийслэлчүүдэд "танигдах" гэсэн тактик нь байх. Х.Нямбаатар бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол найдвар, Улаанбаатар хот түүний стратегийн чухал цэг. Тиймээс Д.Сумъяабазарын бүх эрх мэдлийг Х.Нямбаатарт өгсөн нь учиртай.
Х.Нямбаатарын гол өрсөлдөгчид АН, ХҮН, Үндэсний эвсэл. Нийслэлийн АН-ын хорооУИХ-ын сонгуулиас хойш эзэнгүйдсэн. Уг нь нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг сонгосон боловч УИХ-ын гишүүний сандал, суудлын төлөө намын хороогоо эзгүй орхисон гэмтэй. Тэрбээр "Нийслэлийн намын хорооны даргаа өгье, УИХ-д нэр дэвшье" гэж гуйсан гэх мэдээлэл ч цацагдсан. Нийслэлийн АН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд хотын тойргуудад өрсөлдөж буй намын нөхдөө дэмжиж ажиллах ёстой байтал өөрөө БЗД-т өрсөлдөөд өвдөг шороодсон.
Ганц дүүрэгт ялалт байгуулж чадах нэр хүндгүй хүнээр удирдуулбал АН нийслэлд гарцаагүй унана гэж намын нөхөд нь болгоомжилж, түүнийг өөрчлөх ёстой гэсэн санал гаргах болсон байна.
Үнэндээ, нийслэлд АН-ыг ялуулж чадах кандитат, Х.Нямбаатартай өрсөлдөх хэмжээний улстөрч биш болохоо УИХ-ын сонгуулиар намынхандаа таниулсан, сонгогчдод ч харуулчихсан. Нөгөө талдаа нийслэлийн АН-ын гишүүд түүнд шүүмжлэлтэй ханддаг, БЗД-ийн намын хорооноос бусад хорооныхондоо хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй гэх.
Т.Батцогтын энэ мэт асуудлаас болоод АН энэ удаагийн сонгуульд нийслэлд ХҮН намаас ч доогуур санал авч магадгүй дүр зурагтай байна. Т.Батцогттой нэг дүүрэгт өрсөлдсөн П.Наранбаяр гэхэд УИХ-д ялалт байгуулж, хамтарсан Засгийн газрын сайд болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуульд АН нийслэлд ердөө 4 суудал авсан зэргийг тооцох юм бол Т.Батцогтыг сонгуулиас өмнө солихоос өөр аргагүй гэсэн үг. Хэрэв АН-д нийслэлд ялалт байгуулах хүсэл, сонирхол байгаа бол шүү дээ. АН-ын бас нэг өрсөлдөгч нь Н.Номтойбаярын Үндэсний эвсэл. Үндэсний эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Пүрэвдаваа нь Т.Батцогтын эсрэг хэрхэн ажиллахаа сайн мэднэ. Нэг намд, нэг дүүрэгт хамтран ажиллаж байсан тэд өнөөдөр "хонь, чоно" болцгоосон гэх. Тэгээд ч Үндэсний эвсэл шинэ засагт хамтраагүй, сөрөг хүчнээ хийхээ зарласан. Энэ нь улс төр талаасаа нэмэх оноо цуглуулах биз ээ. Ингээд дүгнэхээр АН аль хэдийнэ нийслэлд буугаад өгчихсөн харагдаж байна.
Б.ШАРХҮҮ
3,608.65



















































Холбоотой мэдээ