Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ийн суурин төлөөлөгч хамтран өнөөдөр /2024.08.16/ мэдээлэл хийлээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 22-23-ны хооронд зохион байгуулах гэж байна. Форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлагын зүтгэлтэн, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцоно. Монгол Улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э. Одбаяр "Монгол Улс тус чуулга уулзалтыг зохион байгуулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарч үзэж байгаа. Нэгдүгээрт, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаар зүйлийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах ёстой. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа. Жендерийн статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахаар болсон"гэв.
Тус форум дараах зургаан үндсэн сэдвийн хүрээнд явагдана.
- Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг
- Жендэрийн тэгш эдийн засаг
- Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө
- Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал
- Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд.
Чуулга уулзалтын гол зорилго нь жендэрийн тэгш байдалтай дэлхий ертөнцийг бий болгох бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм.
Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг дэлхий нийт ойлгох шаардлагатай. НҮБ-ийн дүрэм нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, дэмжих үүрэгтэй. Монгол Улс үндэстний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, жендэрийн тэгш байдлыг улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүрээнд хөхүүлэн дэмжих үүргийг Үндсэн хуульдаа тусгаж ирсэн байдаг.
3,608.65























































Холбоотой мэдээ