"Мал дагавал ам тосдоно" гэх үг хуучирч, орчин цагт "Нам дагавал ам тосдох" болсон. Зарим хүн намын ач буянаар албан тушаал, эрх мэдэлд хүрч амьдралаа сайжруулдаг. Зарим нөхөд намаа зарж амьжиргаа дээшилдэг. Түүнчлэн улстөрчдийн "утсан хүүхэлдэй" болж улс төрийн замналаа засдаг ч хүмүүс олон. Мөн "үзэл сурталын зэвсэг" хийж, ард иргэдийн тархийг угаасныхаа ачаар "амаа тослох" залуус ч цөөнгүй болжээ.
Жишээ нь, өнгөрсөн сонгуулиар МАН-д үйлчилж, үзэл сурталын зэвсэг болж явсан залуус бялуу хүртэж, бэлгээ гардах болсон байна. Жилийн өмнө АН-д үйлчилж, "МАН-д сүнсээ худалдаагүй" гэж дуу хүртэл зохиож явсан Сексцагаанбогд буюу дуучин Б.Гантулга Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Тэгвэл
С.Зоригийг алсан хэргийн талаар МАН-аас бэлтгэн хүргэсэн цуврал нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан Ерөнхий сайдын ажлын албаны ажилтан Ч.Содбилэг Хойд Солонгост дипломат ажилтнаар томилогджээ. Түүнийг томилсон хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм байна.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг 1998 онд онц ноцтойгоор амь насыг нь хөнөөсөн бөгөөд энэ хэргийг үйлдсэн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг гурван шатны шүүхээс буруутган ял шийтгэл оноосон байдаг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зориг болон мөн нэг айлын дөрвөн хүний амийг хөнөөсөн гэж шүүх үзсэн.
Алуурчдыг шүүхээс шийтгэсний дараагаас Ц.Нямдоржоос эхлээд МАН-ын улстөрчид сандарч, тэвдэх болсон нь захиалагчийн хэргийг шалгаж байсантай холбоотой гэсэн хардлага байдаг. С.Зоригийг алсан хэрэгтнүүдийг 2021 онд сулласан агаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос гарснаас хойш МАН-ын улс төрд "үйлчлэх" болсон юм. Тэр ч бүү хэл онц ноцтой хэргийн ялтан Ц.Амгаланбаатар шоронгоос гарч, нэвтрүүлэгт оролцсон нь олон хүний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байлаа. Уг нэвтрүүлгийн хөтлөгчөөр Ч.Содбилэг ажилласан. Тэрбээр С.Зоригийг амиа алдах үед хамтран амьдарч байсан, өнгөрсөн 30 жил олны нүднээс нуугдаж, хэргийн талаар ганц үг унагаагүй явсан Б.Булганы амыг нээлгэсэн нь МАН-ын сонгуулийн сурталчилгааны нэгээхэн хэсэг байлаа. С.Зоригийн амиа алдсан хэргийг МАН 2000 оноос эхлэн сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж ирсэн нь худлаа биш. биш. Сонгууль болгоноор сөхөж гаргадаг С.Зоригийг алсан аллагын хэрэг МАН-д зол, АН-д "хохь" болсон. С.Зоригийн үхэл МАН-ынханд албан тушаал, эрх мэдэлд хүрэх "зэвсэг" нь болж хувирсан. Иймээс л С.Зоригийн хэргийн Төрийн нууцаас гаргах сонирхолгүй өнөөг хүрсэн билээ. Үүний ард МАН, бүр оросууд ч байх магадлалтай гэсэн хардлага нийгэмд байдаг.
Ийнхүү сонгууль дуусч, С.Зоригийн амиа алдсан хэргээр шоудсан нөхөд санасандаа хүрсэн болж, сүнс нь чөлөөлөгдөөгүй, хэрэг нь төрийн нууц хэвээрээ үлдэв. С.Зоригийн үхэл цаашид МАН-ын хэчнээн хүний ажил амьдрал, албан тушаал, эрх мэдэлд хүргэхийг бурхан ч, чөтгөр ч таашгүй нь.
Б.ШАРХҮҮ
3,608.65






















































Холбоотой мэдээ