ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.Козлов Шадар сайд С.Амарсайхантай уулзахдаа Дулааны III цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС-ын төсөл дээр хамтарсан ажлын хэсэг байгуулах сонирхлоо илэрхийлжээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтойг хэлсэн бололтой.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт бодлого”-ын хоёрдугаарт эрчим хүчний салбарт реформ хийхээр төлөвлөсөн. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц барьж ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах цаашлаад эрчим хүч экспортлогч болох том амбиц тавьсан.
Тэр хүртэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэчнээн өвлийг “аргалж давах”-ыг бурхан ч таашгүй. Өнгөрсөн өвлийг лаа, шүдэнзний тусламжтайгаар давсан. Ирэх өвөл ч эрчим хүчний хомсдол нүүрлэх нь нэгэнтээ ойлгомжтой байна.
Монгол Улс 2023 онд нийтдээ 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө худалдан авч, импортын цахилгааны төлбөрт 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийг төлжээ.
Монголын Засгийн газрын зарласан эрчим хүчний нэг төсөл нь Дулааны III цахилгаан станцын өргөтгөл. Тус станцын хүчин чадлыг 325 мВт- аар өргөтгөхөөр тоооцож, уг төсөл дээр ОХУ-тай хамтарч байгаа. Төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тохирсон ч тийм хөрөнгө, мөнгө Москвад одоо бий юу гэдэг нь асуултын тэмдэг.
Олон улсын хоригт орсон оросуудын хувьд Монголын эрчим хүчний төслүүдийг ихэд сонирхох болсон нь “сайн ахын сайхан сэтгэл” биш нь тодорхой.
Монголын эдийн засагт нэн чухал төсөл болгоныг монголчуудынх гараар нурааж, гацааж ирсний ард Москвагийн бодлого хэрэгжсэн. Тавантолгой, Багануур болон Тавдугаар цахилгаан станц, Эгийн гол, Эрдэнэбүрэн УЦС гээд олон жил гацаж буй олон төсөл бий.
Энэ мэт Монголыг хорлож ирсэн оросууд гэнэт ДЦС-ыг чинь өргөтгөж өгье, Эгийн голын УЦС барих асуудлыг хамтран судалъя гээд байгаа нь ашиг сонирхлоо хамгаалах гэсэн арга заль нь юм.
Эгийн гол дээр УЦС барихыг оросууд эсэргүүцэж, ЮНЕСКО-д гомдол гаргаснаас болоод нам зогссон. Ч.Сайханбилэгийн засгийн үед Хятадын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын санхүүжилтээр уг цахилгаан станцыг барихаар тохирсон байдаг. Гэвч уг төслийг эсэргүүцсэн шалтгаан нь Байгаль далайг бодсондоо ч биш, Монголыг эрчим хүчний хараат байлгах гэсэн их гүрний санаархал.
Эгийн голын УЦС барих байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Францийн компани гаргасныг оросууд хүлээн зөвшөөрөгүй. Одоо хамтарч судалъя гэж байгаа нь молиго төдий. Түүнчлэн оросуудтай хамтарч байгаа Дулааны III ЦС-ын өргөтгөл хэзээ ашиглалтад орохыг хэлэхэд хэцүү. Дараагийн сонгууль болоход ашиглалтад ороогүй байвал гайхах юмгүй гэсэн үг.
Монголын Засгийн газар Францын Засгийн газартай уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах сургаар оросууд бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьж, “Росатом”-ын зүгээс “Монатом”-тай санамж бичиг хүртэл байгуулсан. Цаад санаа нь Монгол-Францын уран олборлох хамтын ажиллагааг зогсоох зорилго агуулсан нь тодорхой. Үүнээс болоод Франц-Монголын хооронд байгуулах уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээ тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэх мэдээлэл ч олон улсын хэвлэлээр цацагдсан.
Москвагийн зорилго нь Монголд молиго үмхүүлэх. Арга заль, ашиг сонирхлыг нь мэдсээр байж “молиго үмхэж” байгаа нь монголчуудын ядуу амьдрах тавилан юм даа.
Ж.ЭРХЭС
3,608.65















































