Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр зээл олголт 60 орчим хувиар нэмэгджээ. Тодруулбал, Арилжааны банкууд дээр 2024 оны тавдугаар сард 2.4 их наяд төгрөгийн 20 мянган иргэний зээлийн хүсэлт ирсэн байна. Тавдугаар сард 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 иргэнд, орон нутагт 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 иргэнд олгосон ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт аж. Ипотекийн зээл олголт Улаанбаатар болон орон нутагт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны зургадугаар сард 150 орчим тэрбум төгрөгийн зээл 1300 гаруй иргэнд, долдугаар сард 186 орчим тэрбум төгрөгийн зээлийг 1600 иргэнд олгоод байгаа аж.
Хаан банк ипотекийн зээлийг иргэдэд хэвийн олгож байгаа ажээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн үед ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээс шалтгаалан ачаалал ихтэй байсан бол өнөөдрийн байдлаар оргил ачааллын үеийг давсан, одоо ачаалал хэвийн байна гэж тус банкны мэргэжилтэн хэлэв. Зээлийн хүсэлтүүд дарааллын дагуу шийдвэрлэгдэж байгаа бөгөөд шинээр хүсэлт өгөх иргэд ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах боломжтой салбаруудад хандах боломжтой гэлээ.
Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банканд ипотекийн зээл хэвийн олгож байгаа бөгөөд банк бүрийн зээлийн хүсэлт шийдвэрлэх хугацаа өөр байдаг аж. Сүүлийн саруудад зээлийн хүсэлт их ирсэн учир зээлийн хүсэлт зургаан сар орчим хүлээгдэж байгааг мэргэжилтнүүд нь хэллээ.
3,608.65






















































Холбоотой мэдээ