Улаанбаатар хотын их тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг задлах зорилгоор Засгийн газрын ордныг Номтын аманд шилжүүлэн барихаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байсан ч газрын байршил өөрчлөгджээ.
Засгийн газрын ордныг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу олны нэрлэж заншсанаар Кувейтын аманд байгуулах болсноо Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар өчигдөр /2024.07.31/ зарлав.
Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөлд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборыг Кувейтын аманд шилжүүлэн байгуулах асуудал тусчээ. Нийт 4400 га газарт барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо нь Айцын давааны өвөрт Бурхант уулын урд дэнж дээр, Түргэний голын сав нутагт оршдог. Улаанбаатар хотоос 28 км зайд орших бөгөөд 15,113 га нутаг дэвсгэртэй. Нийт 1768 өрхийн 5700 хүн ам оршин суудаг хороо юм. Хөгжлийн хувьд хоцрогдсон хороо гэж хэлж болно.
Харин тус хорооны нутаг дэвсгэрт орших Богд уулын урд байрлах Кувейтын ам орчимд Засгийн газрын ордныг яам, агентлагуудтай нь хамтад нь байршуулснаар Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болох төдийгүй их тойруу доторх эрх мэдлийн төвлөрөл саарна, түгжрэл мөн буурна гэж тооцож байна.
Засгийн газрын ордныг барьж байгуулахаар болж буй дээрх газарт Кувейтын судалгааны төв байрладаг бөгөөд байгуулагдсан үеэс уг газрыг Кувейтын ам гэж тодотгох болсон юм.
Кувейтын аманд байгуулах шинэ суурьшлын бүс нь цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдож, тэлнэ гэж тооцож байна.
Мөн Засгийн газрын ордны байгуулах газрын байршил өөрчлөгдсөнөөр тунель байгуулах байршил ч өөрчлөгджээ.
Тодруулбал, Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг Зайсан амнаас Өвөр Зайсангийн амны чиглэлд болгон өөрчилсөн аж. Ингэхдээ тус байршилд 5.6 км урт эсрэг хөдөлгөөнтэй зургаан эгнээ авто зам бүхий туннелэн байгууламж барихаар төлөвлөжээ.
“Өөдөө тэмүүлэх Монгол-Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламжийг Туул гол, Туулын хурдны зам дээгүүр зургаан эгнээтэй хоёр урсгалтай, 900 метр хос цамхаг тулгууртай барьж Богдхан уулын туннелтэй холбох,
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хүрээнд нийслэлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөлтэй уялдуулж Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам (LRT) төслийг хэрэгжүүлэх. Нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам нь хос замтай, 20 хүртэлх хэвгийгээр өгсөж уруудах нэгдүгээр шатандаа Толгойт-Буянт-Ухаа-Өлзийт-Шинэ Зуунмод хот хүртэлх 46.4 км, хоёрдугаар шатандаа Шинэ Зуунмод-Зуунмод-Майдар-Налайх-Амгалан хүртэлх 60.5 км, нийт 106.9 км байхаар төлөвлөсөн аж.
Туулын хурдны зам болон Шинэ тойрог замын ажлыг мөн эхлүүлнэ.
Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж буй. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн (PMC) эх үүсвэрийг 2024 оны улсын төсөвт суулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа юм.
Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам байхаар төлөвлөсөн. Дээрх хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын бага тойруу хэсгийн замын хөдөлгөөний ачаалал буурна.
Мөн “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна.
Дээрх ажлуудыг эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор барьж байгуулах газар, талбайд газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад шаардагдах зардлын хэмжээ, чөлөөлөх хугацааг тохиролцох, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарт даалгасан байна.
Богдхан уулын туннел барих төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Төсвийн хуулийн хамт өргөн мэдүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарт, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус даалгажээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хонгт барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагынхантай уулзах үеэрээ “Ирэх дөрвөн жилд Засгийн газрын ордныг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн.
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зөвхөн Засгийн газрын ордныг Кувейтын аманд байгуулах асуудал туссангүй шинэ Зуун мод хот, шинэ Хархорум хотыг байгуулах, мөн Улаанбаатар хотод 14 хот байгуулах асуудал тусч буй.
Төрийн өмчит их дээд сургуулиудаа Улаанбаатар хотоос гаргах тухай яриад хэрэгжүүлж чадалгүй 10 гаруй жил болж буй улсад хот байгуулах төлөвлөгөө нь хоосон яриа болж замхрах вий гэх болгоомжлол төрүүлж буй ч Засгийн газарт хамтарсан улс төрийн гурван нам дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтээ 2024 оны төсвийн тодотголд суулган зүтгэхээр ханцуй шамлан орж байна.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ