Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтын үеэр нийслэлийн Баянгол дүүрэг, Японы Ибараки мужийн Намэгата хот, Монголын ХААИС, Японы Ибараки мужийн Намэгата хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн XIII зөвлөлдөх уулзалтыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такаги даргалж, МҮХАҮТ, Япон-Монголын Эдийн засгийн хорооны удирдлага, гишүүн аж ахуйн нэгж, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, хоёр улсын төрийн байгууллага, хувийн хэвшлийн 90 гаруй төлөөлөл оролцлоо.
Сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ "Япон бол манай улсын гуравдагч хөрш төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалтын стратегийн найдвартай түнш. Түншлэлийг өргөжүүлэхэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагаа гол үүрэгтэй. Үүнд та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга чухал хувь нэмэртэй. Энэ уулзалт хоёр орны төр, хувийн хэвшлийн яриа хэлэлцээг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх шийдэл гаргах индэр учир хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үнэлэн дүгнэж, тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах төлөвийг тодорхойлох шийдэл санал болгоно гэж итгэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, хэлэлцээрээр олгож буй татвар, зах зээлийн хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүд илүү ашиглах боломж бүрдүүлэх нь бидний зорилт хэвээр" гэдгийг онцолсон юм.
Дэд бүтэц, эрчим хүч, бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг үр дүнтэй ашиглаж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах, хамтын оролцоог хангах, ногоон эдийн засагт шилжих, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд Японы дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх, органик бүтээгдэхүүний стандартыг олон улсын түвшинд хүргэж, Японы зах зээлд экспортлох боломжийг нэмэхэд хамтран ажиллахыг уриалжээ.
Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээллээр Монгол, Японы гадаад худалдааны эргэлт 1.2 тэрбум орчим ам.долларт хүрчээ.