Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар болон Киргизын нийслэл Бишкек хотын ах дүүгийн найрсаг харилцааг бэхжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Киргизын Бишкек хотын орлогч дарга А.Муратбек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ санал солилцсоныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Б.Мөнхбат “Улаанбаатар хот анх 300 мянган хүн амтай байхаар төлөвлөснөөс 4 дахин олон болж, гэр хороолол, агаарын бохирдол, авто замын түгжрэл гэхчлэн дэд бүтэц төлөвлөлтөд том сорилт тулгарсан. Эдгээрийг шийдэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах бодлого барьж байгаа. Цаашид Бишкек хоттой агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээвэр, хот байгуулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах саналтай байна. Хоёр хотын харилцааг бэлгэдлийн түвшинд бус, иргэдэд үр өгөөжөө өгөх бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Иймд хоёр хотын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн түвшинд тогтмол мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна” гэв.
Бишкек хотын орлогч дарга А.Муратбек Улаанбаатар хотын зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл, хотын удирдлагад нэвтрүүлж буй шинэ шийдлийг үнэлж буйгаа илэрхийлээд, “Манай хот авто зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэх, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр том төслүүд хэрэгжүүлдэг. Мөн төв Азийн бүсэд анх удаа ахуйн хатуу хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн эко технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Гэвч агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Улаанбаатар, Бишкек хот ижил төстэй сорилттой тулгарч байгаа тул харилцан туршлага солилцож, үр дүнтэй шийдлээ хуваалцах боломжтой. Бүхл чиглэлд хамтран ажиллахад бэлэн” хэмээсэн байна.
Монгол Улсын 3.8 сая хүн амын 1.8 сая орчим нь Улаанбаатарт оршин суудаг бол 7.5 сая хүн амтай Киргизын ард түмний 1.3 сая нь Бишкек хотод амьдардаг ажээ.