УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар өчигдөр /2024.07.30/ цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эрүүдэн шүүгдсэн, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа бие нь муудаж, амиа алдсан сэжигтэн О-гийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл сонсох үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хууль сахиулах байгууллагад шинэчлэл хийхээ мэдэгдлээ.
Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын даргад хариуцлага тооцож байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хохирогчийн ар гэртэй долдугаар сарын 25-нд биечлэн уулзсан. Хохирогчийн талаас гурван асуудалд гомдолтой байгаагаа уламжилжээ. Нэгдүгээрт, хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллага дэлгэсэн. Хоёрт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цагт нь үзүүлээгүй, амьд байх боломж байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа гав хэрэглэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн.
Гуравт, цагдаагийн албан хаагч эрүүдэн шүүсэн гэдэг асуудлаар гомдол гаргасан байхад шийдэгдэлгүй, сэжиглэгдэн шалгагдаж байсан хэргийнхээ үеэр Урьдчилан саатуулах байранд саатуулагдсан үедээ амиа алдсанд гомдолтой байна гэсэн асуудлыг тавьжээ.
Энэ асуудалтай холбоотойгоор салбарын яамнаас ажлын хэсэг байгуулж ажилласан.
Нэн тэргүүнд цагдаагийн байгууллагын бүх төвшинд мэдээлэл хийхдээ хохирогчийн талаар хувийн эмзэг мэдээлийг задруулахгүй байх чиглэл өгч, дүрэм журамдаа тусгахаар болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллагаа явуулсан гэдэг тайлбар ирүүлсэн аж. Гэхдээ зөрчил байна гэж үзсэн. Баривчлах, цагдах хорих байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн боловсон хүчин дутмаг, эдгээр байгууллагууд дадлага туршлагатай эмч, мэргэжилтнүүд ажиллах сонирхолгүй, тогтвор суурьшилтай ажилладаггүйн зэрэгцээ, эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хангалтгүй зэрэг олон жил хуримтлагдсан асуудлууд энэ асуудалд нөлөөлж байна. Цаашдаа эдгээр асуудалд анхаарах шаардлагатай гэдэг дүгнэлт гарчээ. Иймээс боловсон хүчнийг анхаарах шаардлага үүсч буй юм байна.
Мөн хууль сахиулах байгууллагад тогтолцооны шинэчлэл хийнэ. Шинэчлэлийг дарга удирдлагын халаа сэлгээгээр ойлгож болохгүй, тогтолцоо талаас нь ярина.
Ингэхдээ нэгдүгээрт, хүний эрхийн асуудлыг тэргүүнд тавина. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хүний эрхийн асуудал хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд яаж хөндөгдөж байгаа юм бэ. Хууль сахиулах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, журам стандартад хүний эрхийн асуудал яаж хөндөгдөж байгаа юм бэ гэдэг дээр асуудал тавина. Хүний эрхийн зөрчил байна ,хуулийн зөрчил байна гэж үзвэл дараагийн том асуудал нь дотоод хяналт шалгалтын асуудал. Дотоод хяналт шалгалтын асуудлыг аваад үзэхээр Хууль зүйн яам өөрөө хяналт шалгалт үнэлгээний нэгжтэй. Харьяа байгууллага агентлагууд өөрсдөө дотоод аюулгүй байдал хяналт шалгалтын нэгжтэй. Гэвч яамныхаа болон салбарынхаа бодлоготой холбоо уялдаа муу.
Байгууллагын дотоод хяналтын нэгж нь өөрсдийнхөө удирдлагаас хамааралгүйгээр холбогдох эрх бүхий албан тушаалтан, тухайлах юм бол салбарынхаа яамдад мэдээ тайлангаа өгч, цаашаагаа арга хэмжээгээ төлөвлөдөг тогтолцоо сул. Хяналт шалгалтын тогтолцоогоо тэр чигт нь шинэчилнэ. Хяналт шалгалтын асуудал хөндөхөөр хариуцлагын асуудал ярьдаг. Цагдаагийн байгуулллагын дотоод хяналтыг шинэ шатанд гаргана. Гэмт хэргийн шинжтэй бол харьяалах байгууллагад шилжинэ. Илэрсэн зөрчил дээр хариуцлага тооцох гэдэг асуудлыг хэвшүүлж чадвал хэн нэг албан тушаалтныг яриад суух биш албан тушаалтан өөрөө хариуцлагаа хүлээгээд явдаг болно.
Мэдээлэл хийх журамтай холбоотой асуудал нь маш олон асуудлын нийлбэр цогц. Бусдыг гэмт хэрэгт сэжиглэж байгаа үндэслэлийн талаар мэдээлэл хийхдээ ард нийтээрээ итгэхүйц мэдээллийг өгдөг.
Үүний дараа тухайн сэжиглэгдэн шалгагдаж байсан хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа хувь хүний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэм хор нь арилдаггүй.
Олон нийтэд мэдээлэл өгөх журмыг боловсруулна. Хүний эрхийн үндэсний комисс болон олон нийтийн төлөөллөөс санал авна. Энэ журам хохирогчийн эмзэг мэдээлэлтэй холбоотой төдийгүй мөрдөн шалгаж байгаа хэрэгт буруутгагдаад хоирогч болсон байсан олон хүнд хамаарна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ