Засгийн газрын 100 хоногтой уралдан Ардчилсан нам эрх баригч хүчинтэй зөвшилцөн, томилгоог чимээгүйхэн хийсээр байна.
Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсанаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамдыг хариуцан ажиллахаар болж, сайд нараа томилуулсан.
Тэгвэл дээрх яамдаас хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх саналаа Ардчилсан намаас хүргээд нэг нь дэмжлэг авсан байна. Тодруулбал, Байгал орчин, уур амсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилоод буй.
Тэрбээр анх 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч жилийн дараа буюу 2023 оны гуравдугаар сард сайдтайгаа хамтарч ажиллаж чадаагүй үндэслэлээр чөлөөлөгдөж байсан юм. Гэвч жил гаруйн дараа эргэн тус яаманд ирж гол ажлыг нь нугалах болж буй.
Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2024 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан Ч.Өнөрбаярыг санал болгосон ч Ерөнхий сайдын зүгээс зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байна. Үүгээр бол тус яамны Төрийн нарийн бичгийн дарга солигдох нь тодорхой болоод байна.
Эрх баригч хүчин болох МАН Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Covid-19 цар тахлын үеэр тус яамны Консулын газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхтүшигийг томилжээ. Уг албыг залгуулж байсан Н.Анхбаяр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч болсонтой холбоотойгоор дээрх томилгоо хийгджээ.
Н.Анхбаярын хувьд Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү бол Л.Мөнхтүшиг нь мөн МАН-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Н.Болормаагийн хүү юм.
Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулахдаа яамгүй сайдын орон тоог бий болгосон. Түүний нэг нь 20 минутын хот Үндэсний хороо юм. Уг хороог УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны дарга статустайгаар хаших болсон. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд ажлын албаныхаа даргаар “Гудамж төсөл”-ийг удирдаж байсан Б.Батболдыг томилсон байна.
Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар дэд сайд нарыг чөлөөлсөн. Уг албан тушаалыг бий болгох эсэхээр олон нийтээс санал асууна гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Гэхдээ хамтарсан Засгийн газрын 100 хоног болохтой зэрэгцэн дээрх албан тушаал дахин “амилж” мэдэх нь.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ