niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 05:31 UTC Эх: https://news.mn/r/2741447/ a0e791fbe5fe6547… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: "Автобус зогсохгүй хаяад явчихлаа" гэх гомдол их ирдэг

Хуучирсан мэдээ: 2024.07.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Автобус зогсохгүй хаяад явчихлаа" гэх гомдол их ирдэг

Сурвалжлага: "Автобус зогсохгүй хаяад явчихлаа" гэх гомдол их ирдэг

Нийслэлчүүдэд өдөрт дунджаар 1067 автобус үйлчилж байна. Иргэд ихэвчлэн нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээнд шүүмжлэлтэй ханддаг. Гэвч нөгөө талаар нийтийн тээврээр үйлчлүүлж буй зарим иргэд жолооч болон бусад зорчигчдод хүндэтгэлгүй хандах, тээврийн хэрэгслийн эд хогшлыг эвдэж, сүйтгэх тохиолдол цөөнгүй. Бид энэ удаа “60 саяын унаа” гэж нэрлэдэг нийтийн тээврийг тойрсон асуудлуудын талаар сурвалжиллаа.

БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧИХ ЗӨРЧИЛ АРИЛААГҮЙ

Нисэх-МУБИС чиглэлийн автобусаар өчигдөр 15.00 цагт  зорчив. Амралтын өдөр тул автобусны буудлууд сэлүүхэн. Автобусаар зорчих иргэд ч мөн цөөн байж таарав. Тус чиглэлийн хувьд МУБИС-ийн автобусны буудал эргэлтийнх нь эцсийн зогсоол. Жолооч “Хөдлөх арай болоогүй шүү, ороод сууж байж болно” гэсээр зэргэлдээх ТҮЦ рүү орж харагдав. Автобусанд суухдаа анзаарснаар бэлэн мөнгө хийх боломжтой хайрцаг хоосон шахуу мөн түгжээтэй байх аж. Жолоочийг хүлээн суух зуур автобусанд таван хүн суусны хоёр нь тус хайрцагт мөнгө хийв.

Харин автобус цааш хөдөлж, нэг буудал дээр зогсоход л хамгийн багадаа хоёр хүн бэлэн мөнгөөр төлбөрөө төлж байлаа. Энэ тоо мэдээж хүн ихтэй, оргил ачааллын үед хэд дахин нэмэгдэнэ.

Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар "Бэлэн мөнгөөр зорчих зөрчил арилахгүй байна. Иргэдээс машины дугаар явдаггүй өдөр автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч зорчиж байх саналыг ирүүлсэн. Тиймээс иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу бэлэн мөнгөө жолоочид өгөх биш зориулалтын бэлэн мөнгөний хайрцагт хийх боломжийг бүрдүүлсэн. 2024 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Засаг даргын шуурхай хуралдаанаас тус шийдвэр гарсан. Автобус орой ээлжээс буух үед тус хайрцгийг нээж, тооллого хийн тушаадаг. Сүүлд орж ирсэн 600 шинэ автобусанд бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцаг бий. Харин хуучин 600 гаруй автобусанд энэ хайрцгийг шинээр суурилуулж байна. Одоогоор 120 орчим хуучин автобусанд бэлэн мөнгөний хайрцаг суурилуулаад байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн 1129 автобусны гарах хаалганы дээд талд камер, карт уншигчийн хажууд "UBCARD" төхөөрөмжийг суурилуулж, зорчигчдын толгойг тоолж эхэлсэн.

Толгой тоологч, карт уншигч хоёрыг зэрэг ажиллуулж байж зорчигчийн урсгалаа хянах боломжтой. Хэрвээ энэ тоо зөрвөл автобусны жолоочид шаардлага тавина гэж мэдээлсэн билээ. Гэвч зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдолд зориулалтын хайрцагт хийх бус жолоочид 500 төгрөг өгдөг нь хэвээр байна. Иргэдийн хэлж буйгаар "Хайрцагтаа мөнгөө хийгээрэй гэж шаардлага тавьдаг жолооч байдаггүй. Бэлэн мөнгө хийх хайрцаг байршуулсан нь жолоочийн орлого нэмэгдэхэд л нөлөөлнө" гэв.

"АВТОБУС ЗОГСОХГҮЙ, ХАЯАД ЯВЧИХЛАА" ГЭХ ГОМДОЛ ИХ ИРДЭГ

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн “Автобус буудал дээрээ зогсохгүй байна. Хүнээ суулгахгүй хаяад явчихлаа" гэх гомдол мэдүүлдэг байна.

Тусгай дугаарт өдөрт хамгийн багадаа 300 орчим дуудлага ирдэг.

Харин автобусны чиглэл өөрчлөгдсөн үеэр өдөрт 1000 гаруй дуудлага хүлээж авдаг. Ингэхдээ иргэд автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар лавладаг гэв. Ялангуяа энэ зун нийслэлийг хамарсан авто замын завсар, шинэчлэлт, дулааны шугам сүлжээ тавих гэх мэт ажлуудаас шалтгаалан нийтийн тээврийн чиглэлд богино хугацааны өөрчлөлтүүд орж буй. Хамгийн сүүлд гэхэд Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн билээ.

Метротой болсон бол иргэд нийтийн тээврийг сонгох байсан

Автобус эргэлт хийх, тоормос гишгэх бүрд хэн нэгэн чанга дуугаар бухимдлаа илэрхийлнэ. Харин хэн нэгэн гутлаараа автобусны суудал руу өшиглөх, цонхоо том нээх, хог хаях гэх мэт хэвийн үзэгдэл болсон. Автобусны жолоочийн хэлж буйгаар “Цонхоо том онгойлгож явах нь эрсдэлтэй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд аль болох цонхоо онгойлгохгүй байх нь чухал. Автобус хариуцаж яваа хүний хувьд иргэдэд шаардлага тавьдаг ч ихэвчлэн үл тоомсорлох хандлагатай байдаг.

Ялангуяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс шүлсээ хаяхаас эхлээд олон хүндрэл учруулдаг. Тэр ч бүү хэл гоё ганган хувцасласан охид залуучууд автобусанд суугаад буухдаа хог хаях, бохио наах, суудлын бүрээсэнд гутлаа арчих нь харамсмаар санагддаг" гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1000 гаруй автобус үйлчилдэг. Эдгээр бүх автобусыг үйлчилгээнд гарахаас нь өмнө ариутган цэвэрлэдэг гэнэ. Гэвч нэг хүний соёлгүй зан дараагийн хүний соёлгүй үйлдлийг бүтээдэг талтай.

Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол Улс дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдод хүргэх юм байна.

Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернетээр тоноглохоор болжээ.

Харамсалтай нь, ямарваа нэг өөрчлөлт, шинэчлэлт бүрийнхээ араас хэл ам дагуулдаг салбар бол нийтийн тээвэр. Бага багаар сайжруулах гэсэн алхмууд нь урагшилдаггүйд шалтгаан бий. Учир нь нийтийн тээврийн салбарыг удирдан зохион байгуулж буй газар, иргэд, жолооч гээд нийт массаараа бид учир дутагдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж