Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл Шинэ өртөө-Толгойт чиглэлийн 17.4 км төмөр замыг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Ингэснээр Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний 5 сая гаруй тонн түүхий нүүрсийг цаашид хотын төвөөс гадуур шинэ төмөр замаар тээвэрлэх юм. III зэрэглэлийн тус төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай, жилд 30 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Шинэ төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замтай холбосноор нийслэлийн төвөөр дамжин өнгөрдөг нүүрсний тээврийг Улаанбаатар хотыг тойруулан явуулах боломж бүрдэж, хотын төвийн төмөр замын ачааллыг багасгах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр төмөр замын гармууд дээр ачааны галт тэрэг хүлээх зэргээс үүдэлтэй авто замын хөдөлгөөний саатал, түгжрэлийг багасгах юм. Мөн суурьшлын бүс дундуур түүхий нүүрс, шатах тослох материал, химийн бодис зэрэг эрсдэлтэй ачаа тээвэрлэхийг хязгаарласнаар аюулгүй байдал сайжирч, тоосжилт, агаарын бохирдол багасах сайн талтай.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Засгийн газар Багахангай-Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй гэж үзээд Эмээлт зөрлөгтэй, гол төмөр замтай холбохыг шийдсэн. Дүнжингаравын уулзварт дэлбэрэлт болсны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Тиймээс аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэхийг зогсоох ёстой. Эмээлтээс Толгойт хүртэл 17.4 км зам нь нүүрсний замтай болсноор хотын төвөөр дахиж цахилгаан станцын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ. Нийт 143 км төмөр замыг ТЭЗҮ-ийн тооцоогоор 555 сая ам.доллароор барьсан нь олон улсын байгууллагын ижил төстэй төслүүдэд тооцсон өртгөөс бага юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өөрийн төсөв, бонд гаргах, Хөгжлийн банк, арилжааны банкны зээлийн эх үүсвэрийг үе шаттай ашигласан нь онцлог” гэдгийг тодотгов. Тэрбээр Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт (Шинэ өртөө-Толгойт) чиглэлийн төмөр замаар зүгшрүүлэх тээвэр хийхэд шаардлагатай техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалт хийхийг холбогдох байгууллагуудад даалгалаа.
Улаанбаатар хотын төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар 2 цаг 24 минут хаадаг. Төслийн тооцооллоор ачаа тээврийн урсгалыг шинэ төмөр замд үе шаттай шилжүүлснээр гармын хаалтын хугацааг 90 хүртэл хувиар, төмөр зам, авто замын дөрвөн гол огтлолцол, 14 салаа, салбар замын гармын ачааллыг багасгах боломжтой. Ашиглалтын эхний жилд 20 сая тонн, цаашид жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ. Хоногт 1,800 хүртэлх том оврын ачааны автомашиныг нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, 34 нэр төрлийн, жилд 2.5 сая орчим тонн аюултай ачааг нийслэлийн төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Хотын төвд байрлах 13 ачаа тээврийн терминалыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөгдөх газрыг нийтийн зориулалтаар ашиглах, 15 жилд улсын төсөвт 442.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцжээ. Төмөр замын 87.8 дугаар километрт олон төрөлт ачаа тээврийн нэгдсэн терминал, 102 дугаар километрт аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөжээ.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр зам нь нийслэлийн төв болон хүн ам шигүү суурьшсан бүсийг тойруулж ачаа тээвэр, логистикийн шинэ гарц бий болгосон стратегийн төсөл бөгөөд Багахангай дүүргийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт хүрэх үндсэн замтай, 4 өртөө, 3 зөрлөгтэй. “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, инженер, техникийн 4000 гаруй ажилтан барьж байгуулжээ.
Нийслэлийн төвөөр 2024 онд гэхэд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэсний тал орчим хувийг дизель түлш, гуравны нэгээс илүүг бензин эзэлдэг. Мөн сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 400-500 вагон 5-10 хоногоор зогсож, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж ирсэн. Одоогоор нийслэлийн дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэдгээс ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан ДС, Налайхын ДЦС нийт 41 зуухандаа жилд 5.8 сая гаруй тонн нүүрс авдаг ажээ.