niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 08:00 UTC Эх: https://eguur.mn/704814/ 63d265eed0d741ec… ← niitlelch.mn руу буцах
НИЙГЭМНийгэм мэдээ

“Шинэ өртөө-толгойт” чиглэлийн 17.4 км төмөр зам ашиглалтад оржээ

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө-Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам өнөөдөр (2026.11.28) ашиглалтад орж, түүхий нүүрс хотын төвөөр тээвэрлэхгүй боллоо. Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний 5 сая гаруй тонн түүхий нүүрсийг цаашид хотын төвөөс гадуур шинэ төмөр замаар тээвэрлэнэ.

Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт (Шинэ өртөө-Толгойт) чиглэлийн төмөр замаар зүгшрүүлэлтийн тээврийг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Шинэ өртөө-Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2026 оны наймдугаар сард эхэлж, ийнхүү гурван сарын хугацаанд ашиглалтад оржээ. Бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьжээ. Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх таван хоолой барьж байгуулжээ.

Нийслэлийн төвөөр 2024 онд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэжээ. Үүний тал орчим хувийг дизель түлш, гуравны нэгээс илүүг бензин эзэлж байна. Мөн сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 400–500 вагон 5–10 хоногоор зогсож, хотын иргэдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж ирсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэгддэг. Үүнээс ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Налайхын ДЦС нийт 41 зуухандаа жилд 5.8 сая гаруй тонн нүүрсний хэрэглээтэй байна. Шинэ төмөр зам нь Улаанбаатар хотын дундуур төмөр замаар тээвэрлэдэг аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа, нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй аж.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert