Хүүхдийн төлөө санд 2021-2026 оны хугацаанд нийт 31.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Энэ орлогын 6.5 хувь буюу 2.7 тэрбум төгрөг нь санг анх байгуулахад төвлөрсөн бол 92.4 хувь буюу 29.2 тэрбум төгрөг нь Авто тээврийн тухай хуулийн 15.17.4 дэх хэсэгт заасны дагуу авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос төвлөрүүлсэн байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн салбарын сайд Т.Аубакираас УИХ-ын чуулганы хуралдаан дээр асуулга асууж, хариулт авсан юм. Тэрбээр "Хүүхдийн төлөө сангийн цор ганц орлого нь автомашины азын дугаар борлуулалтын орлого байсан. Өнгөрсөн 2021 оноос хойш нийт 16 мянган улсын дугаарыг 40 удаагийн дуудлага худалдаанд оруулж зарсан байна. Нийт орлогын 10 хувийг Авто тээврийн үндэсний төв авч, 90 хувийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. Уг нь 100 хувь орлогоо санд төвлөрүүлэх ёстой. Зам тээврийн яамнаас анх хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг учраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэж байсан ч сүүлдээ сайд нь Хүүхдийн төлөө санд энэ мөнгийг өгөх албатай юу гэж ярьж эхэлсэн.
Тэгээд сүүлд Авто тээврийн тухай хуулиар азын дугаарын орлогоо Хүүхдийн төлөө санд шилжүүлэхээ болино гээд батлуулчихсан. Энэ бол хуулийн хулгай. Хүүхдийнхээ төлөө За гэж хэлсэн бол За баймаар байна.
Монгол Улсын консерваториас төгөлдөр хуур хөгжмийн олон улсын уралдааныг зохион байгуулж, маш олон хүүхэд шагнал хүртдэг байсан. Гэтэл олон хүүхэд шагнуулдаг уралдааныг Хүүхдийн төлөө сангаас урамшуулж, дэмжихээ больсон байна. Уг нь олон хүүхэд уралдаанд хамрагдах тусмаа сайн баймаар юм. Эцэг эхчүүдээ таны хүүхэд олон улсын тэмцээн уралдаанд оролцож, шагналт байр эзэлсэн бол 30 хоногийн дотор яам, агентлагт хүсэлт гаргах боломжтой" гэдгийг хэлсэн юм.
Хариуд нь Т.Аубакир сайд "Таны хэлж байгаа зөв. Сангийн зориулалт маань олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээн гээд заасан болохоор Тусгай сангийн хуулиа зөрчих гээд байдаг. Сангийн зарцуулалтыг дэлгэрэнгүй болгох шаардлагатай байна. Гэвч 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн Авто тээврийн тухай хуулиар дээрх зохицуулалтыг хүчингүй болгосон боловч Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 21.2.1 зааснаар авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэх заалт хүчинтэй хэвээр байгаа.
Ийнхүү хууль эрх зүйн зөрүүтэй нөхцөл байдал үүссэн тул Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг дагалдуулан Хүүхдийн төлөө санд өөрчлөлт оруулахаар 2026 оны аравдугаар сард өргөн барьж, хэлэлцэх эсэхийг дэмжүүлээд байна.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр олон улсын тээвэр жуучлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлчилгээний цэгүүдэд хандивын хайрцаг байршуулахаас гадна хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжсэн лого, мэдээлэл байршуулж, борлуулсан бүтээгдэхүүн тутмаас нэг төгрөгийг санд төвлөрүүлэх тооцооллыг хийж, ажиллаж байна гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолсон юм.
3,608.65






















































Холбоотой мэдээ