"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ дуусгалгүй ажлаа өгсөн даруйд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болох асуудлыг улстөрчид хөндөж эхэллээ. Эхнээсээ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа илэрхийлээд байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал "Би сонгуулийг хойшлуулж, Үндсэн хууль өөрчилье гэдэг санаачлага гаргаагүй. Парламентад суудалтай нам, эвслийн зөвшилцлийн асуудал. Тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох эрхийг ард түмэнд үлдээнэ. Тийм учраас ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох ёстой гэдгийг МАН-ын даргын хувьд хэлж байна" гэсэн юм.
ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр “2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно" гээд заачихсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэсэн заалт бий. Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөх ёсгүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил. Үндсэн хуульд заасан заалтаараа У.Хүрэлсүх зургаан жил ажиллах ёстой. Гэтэл үүрэгт ажлаа өгчихлөө. Логик нь зургаан жилийн энэ хугацаанд нөхөн сонгууль явах юм уу. Үлдсэн хугацаанд нь Ерөнхийлөгч томилоод дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2027 оны зургадугаар сард явуулах юм уу гэдэг логик үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхийлөгч нь 2027 оны хоёрдугаар сараас зургадугаар сарын хооронд дөрвөн сарын хугацаанд нөхөн сонгогдоод ажиллах юм уу гэдэг асуудал Үндсэн хуулиас гарч ирээд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гээд заасан тохиолдолд энийгээ нөхөн сонгууль гэсэн байдлаар ойлгох, үгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хоёр, гуравдугаар сард болох болно. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил гээд заасан байхад тэрийг нь 5.5 жил болгохоор дараагийн хүн нь зургаагаас дээш жил алба хаших уу гэдэг хуулийн асуудал үүсэж байгаа тул Ерөнхийлөгчийнхөө хуулийг засах хэрэгтэй, Үндсэн хуульдаа нийцүүлээд явах ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
УИХ-д суудалтай Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр товловол 1962 оны хоёр, гурав, дөрөв, тав, зургадугаар сард төрсөн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шалгуур хангаж байгаа горилогч сонгуульд өрсөлдөх эрхгүй болохыг сануулсан юм.
А.ГАНХУЯГИЙГ ХОРИХ ЯЛАА ЭДЭЛСНИЙ ДАРАА 39.8 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг өнөөдөр /2026.11.23/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх танхимд хэлэлцлээ. Шүүхээс нийт таван багц үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаж, хүчин төгөлдөр болсон. Өнөөдөр нэг багц гэмт үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. А.Ганхуягийн зүгээс нийтдээ 88 тэрбумын хохирлыг нөхөн төлсөн байна. Үүнийг шүүхээс харгалзан үзэж, бусдад төлөх нөхөн төлбөргүй учраас хорихоос өөр төрлийн ял оноох нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, А.Ганхуягийг 40 сая төгрөгөөр, БНСУ-ын иргэн Ким Кэа Баумыг 35 сая төгрөгөөр, Ли Жон Собыг 30 сая төгрөгөөр, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Мөн цагдан хоригдсон нэг, 13, 14 хоногуудыг хасаад Ли Жон Собыг 29.8 сая төгрөгөөр, Ким Кэа Баумыг 34.7 сая төгрөгөөр, А.Ганхуягийг 39.8 сая төгрөгөөр торгох хэмжээг тогтоолоо. А.Ганхуягийн хувьд, өмнөх шийтгэх тогтоолуудаар хорих ял эдлээд явж байгаа бөгөөд энэ торгох ялыг нэмж, нэгтгэх шаардлагагүй учраас тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. БНСУ-ын хоёр иргэний хувьд 90 хоногийн хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бол Ж.Эрдэнэбатын хувьд шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болсноос хойш зургаан сарын хугацааг тогтоож өглөө. А.Ганхуягийг хорих ялаа эдэлж дууссаны дараагаас зургаан сарын хугацаанд торгох ялыг төлж дуусгах хугацааг тогтоож өглөө. Уг хугацааг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдоно.
АН: УВС, БУЛГАНЫ ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ ЦЭЦЭД ХАНДАНА

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Даваа гаригт /2026.11.23/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин "Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулийн төслийн танилцуулгыг авч, сонслоо. Иргэдийн итгэлийг олж, төр засгийн тогтвортой үйл ажиллагааг явуулах, шударга ёсыг хангуулахад шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжиж ажиллана. Шаардлагатай гэвэл бүлэг эдгээр хуулийн төслийг санаачлан ажиллах шийдвэрийг гаргалаа. Хоёрт, Булган, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг огцруулсан асуудлыг хэлэлцлээ. Энэ нийгэм шударга ёсонд нийцэж, Засгийн газрын шийдвэр хууль дүрэм нийцэж байна уу. Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа 20 хууль энэ цаг үед иргэдийн итгэл үнэмшлийг олох, төр засгийн үйл ажиллагааг шударга шуурхай болгоход чиглэх юм. Тодруулбал, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй.
Хуучнаар прокурорын хяналт гэж байсан. Энэ давхар хяналт хаана байх ёстой гэдгийг ярилцаж, УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хорооны дэргэд энэ албыг байгуулах шаардлагатай. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа хэргүүд УИХ-д нээлттэй байх ёстой гэж хэлэлцлээ.
Увс болон Булган аймгийн ИТХ хуралдаж, хууль ёсны шаардлага тавьж, Засаг дарга нараа огцруулсан. Энэ асуудалд Засгийн газраас хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн учраас бүлгийн хурал дээр асуудлыг ярилцлаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр боллоо. Уг шаардлагад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөхийг, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хуульд нийцүүлэн огцруулж, ажлын долоо хоногт албан бичгээр хариу ирүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ҮХЦ-д өгч, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байна" гэв.
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРТАЙ ЗӨВШИЛЦЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн.
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлийн анхны уулзалтаар,
- Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах
- Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах
- УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов.
"ЧИТА ХОТОД ИРГЭДИЙГ БЭЛТГЭСНИЙ ДАРАА ЦААШ НЬ ЯВУУЛДАГ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА"

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар Баасан гаригт /2026.11.27/ мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын найман иргэнийг ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн хуурч мэхлэн, цэргийн үйл ажиллагаанд татан оролцуулахтай холбоотой асуудал гарсан. Үүний хохирогч болсон найман иргэнийг арваннэгдүгээр сарын 18 болон 21-ний өдрүүдэд олж илрүүлж, нутагт нь буцаагаад байна.
Өнөөдрийн байдлаар бид дахин нэг иргэнийг ОХУ-аас нутаг буцаах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс гадна дахиад зургаан иргэн байгаа гэсэн албан ёсны мэдээлэл манай Гадаад харилцааны яаманд байна.
Тийм учраас бид иргэддээ сэрэмжлүүлж байгаа. Ар гэрийнх нь гишүүн иймэрхүү зар, мэдээнд итгэж ОХУ-ын хилээр гарсан, цаашлаад цэргийн баазад очсон гэсэн мэдээллийг ямар нэгэн шугамаар авсан тохиолдолд тухайн иргэний ар гэрийнхэн манайд бичиг баримтынх нь хуулбарыг авчирч, энэ асуудлыг албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байна. Тэгж байж бид иргэдийнхээ тоог гаргаж, тэднийг эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол учруулалгүйгээр нутаг буцаах ажиллагааг зохион байгуулна.
Манай ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Москва дахь ЭСЯ-аараа дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яам, Ерөнхий прокурорын газар болон түүний харьяа Цэргийн прокурорын байгууллагад албан ёсоор хүсэлтүүдээ тавьсан байгаа. Бидэнд байгаа иргэдийн мэдээллийг Оросын талд албан ёсоор хүргүүлсэн. Ингэж ажилласны үндсэн дээр өнөөдрийн байдлаар найман иргэнээ авчраад байна. Цаана нь зургаан иргэн байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Мэдээж энэ мэдээлэл цаашид нэмэгдэх магадлалтай. Тийм учраас иргэдийн ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь иймэрхүү замаар ОХУ-д очсон гэсэн мэдээлэлтэй байгаа бол бидэнд тухайн хүний бичиг баримтын хуулбарыг өгөх хэрэгтэй. Ингэснээр бид Оросын талд албан ёсоор хүсэлт тавьж, эдгээр иргэн хаана, ямар газар, ямар цэргийн казармд байрлаж байгааг олж мэдэн, нутаг буцаах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах боломжтой" гэсэн юм.
3,608.65






















































Холбоотой мэдээ