niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8% eddf796c1a3910c1… ← niitlelch.mn руу буцах

Сар шинээр бага насны хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг уриаллаа

Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хамтран өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

Өнөөдрийн байдлаар томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Гол вирус нь томуугийн А хүрээний Н1N1 вирусээр илэрч байгаа. Уламжлалт цагаан сарын баяраар томуугийн дэгдэлт эрчимтэй тархах магадлалтай байгаа.

Эмнэлгийн ачаалал өндөр тул орны зохицуулалт хийж байна. Хан-Уул дүүрэгт 40 ортой хүүхдийн тасаг нэмэх, Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зөвхөн хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч байна.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн тусламжид шаардлагатай эм, судасны шахуургууд нийслэлийн эмнэлгүүдэд олгож байна.

Гэхдээ байдал хүндрэх магадлалтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эмнэлгийн салбарын ажилчдын ажлыг ойлгож хүлээцтэй хандахыг уриалж байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж ажилчдынхаа эрүүл мэндийг бодох, 0-5 настай хүүхэдтэй ажилчдаа богино цагаар ажлуулан үр хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох хэрэгтэй хэмээн мэдээлэл хийлээ.