Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын мэдээлэл
Linked automatically by name · ⚑ Report an error
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо.
Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм.
ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА
Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дараах 3 багцаас сонгоно. Үүнд:
-Дотор эрхтэний архаг өвчлөлийг илрүүлэх
-Дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
-Хавдрын эрт илрүүлэг
Элэгний С, В вирусыг илрүүлэх оношлогоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна.
40, 45, 50, 55, 60, 65 насны 174.0 мянган даатгуулагч дээр дурдсан 3 багцын оношлогоо шинжилгээнд хамрагдан даатгалын сангаас 8.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах юм. Уг ажилд зориулан 2017 онд 10,6 тэрбум төгрөг зарцуулна.
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА
Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж гишүүдийн олонхын саналаар баталсан. Уг хуулиар залуучуудын өмнө тулгамдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, орон байрны хөтөлбөрийг дэмжинэ.
“ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ-
Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулснаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.
-ЦАГААН САРЫН ӨМНӨ 114434 АХМАД НАСТАНД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАСНЫ ХИШИГ ОЛГОВ-
Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлснээр 2017 оны 02 дугаар сарын 20-оос 114434 ахмад настан “Насны хишиг” 9.5 тэрбум авсан байна.Дараагийн насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгох бөгөөд 2017 онд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
38.7 МЯНГАН ИРГЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА-
Энэ оны 01 дүгээр сараас эхлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлөлттэй олгох гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр олгож байна. Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм байна. Мөн энэ хүрээнд дараах тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн болно.Үүнд:25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ урьдчилсан хүүгүй авдаг болжээ.
-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ. Элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23.4 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 32 дугаар тогтоолоор элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм.
2017 оны 04 дугаар сарын 30 байдлаар авч үзвэл “Монос Улаанбаатар” ХХК, “Монгол эм импекс” ХК, “Ази фарм” ХХК, “Омбол” ХХК-ийн 17 746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөд 9070 даатгуулагчид 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.