Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө.
Кюүшюү башёд зургаан зиндааны нэгд нь монгол бөх түрүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа “Дайчин бөхийн шагнал” хүртэж, озэки Киришима Б.Лхагвасүрэн тухайн жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодров. Оны сүүлийн башёгийн банцүкэд Монголын 24 бөх бичигдсэнээс Госэйзан Б.Мөнх-Од өнжсөн бол Казэноүми Ц.Билгүүн зургаан өдөр өнжсөний дараа сүүлийн барилдаандаа оролцож, давжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна болж байсан Ваканофүжи Т.Бөхчулуун хүнд бэртлийн дараа дохёд эргэн ирээд санданмэ зиндаанд түрүүллээ. Түүний хувьд хоёр дахь зиндаандаа түрүүлж байгаа нь энэ юм. Хоёр башё өнжсөн түүний хувьд санданмэгийн 14 дэх бөх Дэнүмагаар ялалтын даваагаа авчээ. Барилдааны дараа сэтгүүлчдэд “Урт удаан хугацаанд барилдаагүй их хэцүү байсан. Аравдугаар сарын 18-нд эмч нар бэлтгэл хийж болно гэж хэлэхэд баярласандаа нулимс унагасан. Буцаж ирээд түрүүлсэндээ их баяртай байна. Гэхдээ санданмэ бол миний байх газар биш. Банцүкэгээ дээшлүүлэх гэж хичээж барилдлаа. Ирэх жил гэмтэл бэртэлгүй бол дээд зиндаанд дэвшихийг зорилгоо болгоно” гэжээ.
Энэ башёд барилдсан манай 22 бөхөөс 18 нь качигоши хийсэн байна. Үүнээс озэки Киришима 10 даваатай дуусгав. Тэрбээр 2026 оны зургаан башёд нийт 65 даваа авсан бөгөөд энэ амжилтаараа хамгийн олон даваа авсан бөхөөр тодорч цомын эзэн болжээ. Тэгвэл макүүчид эргэн ирсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа 10 даваатай качигоши хийгээд зогсохгүй “Дайчин бөхийн шагнал”-ыг хоёр дахь удаагаа хүртлээ. Бэртлийн улмаас энэ онд зорилгодоо хүрч чадаагүй 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн есөн даваатайгаар башёг дуусгав. Тэрбээр 10 дахь өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан давсан ч өчигдөр өвдөг шороодсон. Олон кинбоши алдсаны дараа “Би замын дундаас гарахгүй. Өөрөөс гарах бүх хүчээ дайчлан башёг дуусгана” хэмээн мэдэгдэж байсан Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх онд илүү эрч хүчтэй ирнэ гэсэн байна. Макүүчи зиндаанд барилдсан манай есөн бөхөөс долоо нь качигоши хийсэн бол Оошёома П.Дэлгэрбаярт ганцхан даваа дутлаа. Шинэ оны анхны башёд 10 бөх макүүчид барилдах нь ээ. Жонидан зиндаанд барилдсан Жошоюү А.Сосорхүү долоон даваатай башёг дуусгасан ч нэмэлт барилдаанд ялагдсан учраас түрүүлж чадсангүй.
Монгол бөхчүүдийн амжилтыг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 9-6
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 10-5
М-8 Роога А.Амарсанаа 10-5
М-9 Оошёома П.Дэлгэрбаяр 7-8
М-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох 11-4
М-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц 8-7
М-14 Дэванорюү Т.Тэмүүлэн 8-7
М-15 Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5
М-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар 8-7
Жюүрёо зиндаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 8-7
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн 6-9
З-12 Асахифүжи Б.Очирсайхан 13-2
Б-12 Тамашохо Э.Энхманлай 10-5
Макүшита зиндаа
Б-1 Тэншёояма Г.Отгонбат 3-4
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 4-3
З-25 Тацүбаяма М.Буянтогтох 6-1
З-39 Тэнросэй С.Лувсангомбо 3-4
З-44 Хакүгэцүро А.Сүхбат 4-3
З-58 Госэйзан Б.Мөнх-Од /өнжсөн/
Санданмэ зиндаа
Б-6 Казэноүми Ц.Билгүүн 1-0-6
З-25 Саданохикари Д.Наранцогт 4-3
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун 7-0
Жонидан зиндаа
З-7 Жошоюү А.Сосорхүү 7-0
З-35 Хокүто М.Хүсэлбаатар 5-2