Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хүн заримдаа өөрийнхөө сонгосон замд эргэлзэх үе тохиодог. Надад ч бас мэргэжлээ зөв сонгосон эсэхэд эргэлзэж явсан үе бий. Харин дэлхийн халуун цэг болох Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхдээ сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг, хэрхэн яагаад сэтгүүлч болохыг хүссэнээ дахин нэг удаа ойлгож авсан юм.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нэгэн зорилгын төлөө нэгдсэн олон сайхан залуусын дунд алба хааж, тэдний өдөр бүрийн үүрэг гүйцэтгэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эх орноо гэх сэтгэлийг ойроос мэдрэх боломж надад олдсон. Тэдний хийж бүтээж буйг харж, туулж өнгөрүүлж буйг нүдээр үзэж, түүх болгон олон нийтэд хүргэхдээ би гэдэг хүн үүний тулд л сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм байна шүү дээ хэмээн ухаарсан. Учир нь эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа алба хаагчдынхаа тухай олон нийтэд түгээнэ гэдэг өөрөө том омогшил юм билээ.
Эх орноосоо хол байна гэдэг миний бодсоноос ч хавьгүй хэцүү байсан. Өдөр тутамдаа анзаардаггүй энгийн зүйлс хүртэл ямар их үнэ цэнтэйг тэнд байхдаа ойлгосон. Монголынхоо хөх тэнгэр, цэлгэр тал нутаг, бүр танил гудамжныхаа үнэрийг хүртэл санана. Өмнө нь төдийлөн сонсдоггүй байсан эх орны сэдэвтэй дуу хүртэл нэг л мэдэх сэтгэл дотор гүн гүнзгий "сууж", үг бүрийг нь өөрийн эрхгүй давтдаг болсон байсан. Эх орон гэдэг хол байх тусам улам тод мэдрэгддэг, зүрхэнд хамгийн ойр орших шүтээн юм билээ.
Энхийн манаанд өнгөрүүлсэн 1 жил 8 сарын "алба" маань одоо дурсамж болж сэтгэлд үлдсэн ч эх орноо гэх хайр хэзээ ч дуусахгүй ээ.
Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцын сурвалжлагч, ахлах дэслэгч Т.Идэр