Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 98 хувь нь интернэт сүлжээнд холбогдож, үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрчээ. Түүнчлэн сумын төвийн интернэтийн хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвийнхийг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлсэн байна.
Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Монгол Улс 2022 онд НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэрэгжүүлж буй GIGA санаачилгад нэгджээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн хурд, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үйл ажиллагааны үеэр Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтээр хангах чиглэлээр харилцаа холбооны оператор компаниудтай ерөнхий гэрээ байгууллаа.
Мөн сургуулийн барилга байгууламж, сургалтын орчныг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг санаачилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, сургуулийн дэд бүтэц, эрчим хүчний үр ашиг, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн боловсролын цахим агуулгыг баяжуулах зорилгоор “Мэдлээ” цахим контентын санг шинэчилж, “Мэдлээ 2.0” хувилбарыг албан ёсоор нээлээ. Тус санд 20 мянга гаруй сургалтын контент байршуулсан ба хиймэл оюунд суурилсан ухаалаг хайлт, дуу хоолойгоор хайх боломж болон цахим сургалтын платформ системтэй холбогдох шийдлийг нэвтрүүлжээ.
Үүнээс гадна хөдөө, орон нутгийн сурагчдад сонгон судлах хичээлээ цахимаар үзэх боломж олгох зорилгоор эхлүүлсэн туршлагад үндэслэн төрийн өмчийн “Мэдлээ” цахим сургуулийг байгуулсан. Тус сургууль нь байршил, амьдралын нөхцөлөөс үл хамааран бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших боломж бүрдүүлэхээс гадна гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, үндэсний бичиг, түүх, соёлын нэгдмэл хөтөлбөрөөр суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Ийнхүү сургуулиудын интернэтийн дэд бүтцийг сайжруулах, цахим сургалтын агуулгыг нэмэгдүүлэх, сургалтын орчныг шинэчлэх эдгээр ажлыг хэрэгжүүлснээр боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хүүхэд бүрд амьдарч буй газар, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэхэд чиглэж буйг Боловсролын яамнаас мэдээлэв.